images

“Зангаараа амраг”


     УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Зангаараа амраг” дууныхаа түүхийг Монголын радиогийн “Оройн хөтөлбөр”-т ярьсныг хуваалцвал,

     Дуу бүтсэн 2006 он Т.Сэр-Одын хувьд амаргүй цаг үе байж. Хүүхэд нь өвдөж сандарган, эхнэр нь сараар эмнэлэгт сахисан, түүнийг дагаад сэтгэл санаа донсолсон. Эхнэртээ хүч, дэм болчих юмсан гэж явах яг л тэр цагт УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан гэргий Оюунаадаа зориулаад нэг шүлэг биччихлээ гэдгээ дуулгаж тэд хэн хэнийхээрээ орж гарч явсаар энэ дуу бүтсэн түүхтэй. Т.Сэр-Од хөгжмийн зохиолчийн гэргий Мөнхжаргал багш хүн. Тэд 1992 онд Багшийн сургуульд суралцаж байхаасаа, хэн хэн нь амьдрал мэдэхгүй хүүхдээрээ явахдаа л үерхэж нөхөрлөж олон сайхан хүүхдийн ижий аав бололцож өнөөдрийг хүргэжээ. Т.Сэр-Од ярихдаа “Энэ дуундаа яагаад хайртай байдаг, үнэ цэн нь юу юм бэ гэхээр хүний амьдралд тохиолдож болох бүх зүйл тохиосон ч хүний хань гэдэг нэг л зангаараа байдаг юм байна. Хүний хань гэдэг хамгийн эрхэм юм байна гэдгийг ухаарсан хүмүүсийн зүрх сэтгэлээс төрсөн бүтээл юм”.      “Зангаараа амраг” дууг анх “Чингис хаан” хамтлагийн ахлагч АЖ Д.Жаргалсайхан дуулж, 2011 онд дуучин Л.Чулуунбаатар, Г.Эрдэнэтунгалаг нар хамтран дуулснаар олон түмэнд илүүтэй түгсэн түүхтэй.