images

“Ихэмсэг бардам”


Дуучин Э.Чулуунчимэгийн дуулсан "Ихэмсэг бардам" дууны түүхийг яруу найрагч Я.Отгонбаяр ийн ярилаа. Энэ дууны аяыг "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин агсан А.Мөнгөншагай хийсэн юм.

     Би дээрээ таван эгч, хоёр ахтай айлын бага хүү. Эгч нарын минь хайр дурлал, амьдрал миний нүдэн дээр л өрнөж байсан болохоор эмэгтэйчүүдийг сайн ойлгодог юм. Ээж минь ч багаас эмэгтэй хүнийг хайрлаж хүндлэхийг сургасан. Хожим эхнэрийн гарт орж, бурхнаас заяасан сайхан охинтой болсон доо. Насаараа эмэгтэйчүүдийн дунд байсан болохоор тэдний ихэмсэг бардам, сэхүүн зангийн тухай дуу хийхийг хүссэн юм. Энэ дууны үг эрчүүдэд тийм ч таалагдахгүй байх. Гэхдээ А.Мөнгөншагай найздаа хэлэхэд "Сайхан дуу болно оо. Найз нь бүгдийг нь хийнэ" гэсэн. Тэгээд Э.Чулуунчимэгээр дуулуулахаар сонгосон юм. Гэвч найз минь удалгүй өөд болсон доо. Нас барахынхаа өмнө надад "Дуугаа Чулуунчимэг өгсөн шүү. Чи сонсоод үзээрэй" гэж яг л захиас шиг хэлж байв. Э.Чулуунчимэг ч талийгаачийг нас барахад их цочирдсон болов уу. Энэ дууг хоёр жилийн дараа буюу жилийн өмнө ядаж өөрийнхөө зургаар клип хийгээд олон нийтэд хүргэе гээд хувийн цахим сүлжээгээрээ түгээсэн дээ.