images

“Монгол нутгийн үзэсгэлэн”


     1964 онд алдарт уртын дууч Солийн Цоодол, яруу найрагч Шагдарын Дулмаатай хамтран хэд хэдэн дуу хийгээд байхдаа “Нутгийнхаа тухай, эх орныхоо тухай ардын дууны айзамтай дуу хийнэ” гэж, шүлэг бичиж өгөхийг хүсчээ. Тухайн үед найрагч Ш.Дулмаа эх орны тухай, өвөг дээдсээ магтсан үгтэй зарим шүлгээсээ болж “Үндэсний үзэл ханхллуулаа” хэмээгдэн Дотоод яаманд хүртэл дуугаа хураалгаж байсан үе байв. Ингээд эх орны тухай үзэл бодлоо илэрхийлсэн бус, харин сайхан дүрслэлтэй шүлэг бичье хэмээн бодож: 

Зээрийн сүрэг бэлчсэн

Шаргал талын зэрэглээ

Хээрийн салхи нь үлээсэн

Монгол нутгийн үзэсгэлэн гэж эхэлсэн шүлэг бичив. Ш.Дулмаа найрагчийн нутаг Төв аймгийн Авдарбаян сум бол зээрийн сүрэг мянга мянгаараа бэлчсэн аргагүй шаргал тал ажээ. Аялгуу урттай дуу болсон нь аанай л Монгол нутгийн уудамтай холбоотой. С.Цоодол энэ шүлэгт ая хийж тухайн үеийн Ардын дуу бүжгийн чуулгын чуулгын гоцлол дуучин Н.Норовбанзад дуулснаар Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон төдийгүй хөгжим судлаачдын зүгээс шинэ цагийн дууны урлагийн сонгодог бүтээл гэдэг өндөр үнэлэлтийг авсан юм. Дашрамд дурдахад, энэ дууны аяыг С.Цоодол дууч нэг өдрийн дотор хийсэн гэж яригддаг. Н.Норовбанзадын дуулснаас хойш энэ дууг дуучид “зүрхэлж” дуулалгүй даруй 40 гаруй жил болсны дараа 2008 онд “Шуранхай” хамтлаг Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы найруулгаар дуулсан бол дараахан нь уртын дууны “Галбингаа” хамтлаг,  удаад нь уг хамтлагийн гишүүн СТА дуучин Б.Тунгалаг дуулжээ. Улмаар СТА дуучин Ц.Түмэнжаргал, мөн МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нар хамтран дуулсан билээ.