images

"Нутгийн зам"


Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Л.Мөнхтөр "Нутгийн зам" дууныхаа түүхийг бидэнд ийн ярилаа.

     Миний анхны нийтэд гарсан дуу бол “Нутгийн зам” юм. Тэртээ 1993 онд бичсэн дээ. Тэгэхэд би радиод ороод жил болж байсан юм. Булган аймгийн бүх сумаар явж цуврал нэвтрүүлэг хийх ажилтай боллоо. Тэгээд Булганы зочид буудалд байхдаа шүлгийг нь бичив. Анх дууны шүлэг гэж бичээгүй л дээ. Нэг өдөр ангийн найз, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй надтай утсаар яриад “Би нэг хөгжмийн зохиолчтой танилцлаа. Нэг өрөөнд суудаг болсон. Оюуны хөгжлийн газар нэг нь хөгжмийн шинжээч, нөгөө нь утга зохиолын шинжээч гэдэг ажилтай. Бид хоёр танилцаад нэг дуу хийлээ. Чи надад дууны шүлэг явуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Нутгийн зам” шүлэгтээ дахилт бичээд явуулсан даа. О.Сундуй, С.Хатанбаатар хоёрын хийсэн анхны дуу бол Бүрнээбаярын дуулдаг “Хайрын хорвоо” гэдэг дуу. С.Хатанбаатарын анхны дуу нь энэ, хоёрдахь нь “Нутгийн зам” байхгүй юу. Сургуульд явж ирэхээсээ өмнө О.Дашбалбарын шүлгээр нутгийнхаа тухай “Наран булаг” гэж дуу хийж байсан ийм учиртай. "Нутгийн зам"-ыг дуулсан Г.Эрдэнэбат Болгарын хөгжмийн дээд сургууль төгсөж ирээд удаагүй, М.Хатанбаатар Ереваны хөгжмийн дээд сургууль төгсөж ирээд жил гаран л болж байсан үе шүү дээ. Тэгээд гурван шиноков нийлж уран бүтээл хийсэн хэрэг. За, Г.Эрдэнэбат “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Тэмээн сүргийн говь” гээд хоёр гурван дуу дуулчихсан хуучин нь байлаа. Юм ч их сонин шүү дээ. Унаа машин гэж байхгүй бүгд л алхдаг байлаа. С.Хатанбаатарынх энэхэн хавьд их ойрхон “Бичил” хороололд байна. Манайх мөн “Зуун айл”-ын наана оюутны дотуур байранд байсан. Дуу гэдэг ч болохоо хүрэхээр их хурдан. Тэр үед гар утас байх биш С.Хатанбаатар бид хоёр байгууллагын утсаар ярьдаг байсан юм. Нэг орой тэр ажлаасаа гарахын урьд залгаж байна. “Би чиний “Нутгийн зам” дуунд аялгуу хийчихсэн. Чамд замдаа сонсгоё” гэсэн. Ингээд "Бичил" явах замдаа радиогоор орж ирээд 600-гийн студийн төгөлдөр хуур дээр над тоглож өглөө. Би ч эхэндээ тоосонгүй. Хүн ч дуулах юм болов уу даа, хүнд дуу юм гэж бодоод л. Тэгээд уран бүтээлчид юм болохоор тэмдэглэх тухай бодов. Тэр үед картын бараатай юм ховор, өргөдөг юм нь сарын эхээр олдохгүй шүү дээ. Хоёр олдохоор нь мань мэтийн архи уудаггүй хүн бол амьтанд өгөөд алга болгочихно. Гэхдээ бид хөөрхөн, сонирхолтойгоор тэмдэглэж л байлаа.