images

“Би чамд хайртай”


Яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая “Би чамд хайртай” дууны түүхийг хүргэж байна. 

     1954 онд Намын төв хорооноос хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравыг Москва руу сургуульд явуулахаар болжээ. Өмнө нь түүнд Урлаг эрхлэх хорооноос сургуульд явах тухай хэд хэдэн удаа хэлж байсан ч тоглоом хийж байна гээд тоохгүй яваад л байжээ. Тэгтэл есдүгээр сард Намын төв хорооноос түүнийг дуудаад, сургуульд явуулах нь бат болсныг хэлэхдээ “Ард түмний даалгавар учраас биелүүлээд ир. Билетийг чинь авчихсан байгаа” гэжээ. Орос хэл мэдэхгүй, өмнө нь дунд сургуульд ч сурч байгаагүй тэрбээр өөртөө нэлээд эргэлзсэн ч оройтсон байж. Тэгээд есдүгээр сарын сүүлээр Москвад очтол бүх хичээл нь аль хэдийнэ эхэлчихсэн байв. Сургуульдаа орох гэтэл “Огт сургууль төгсөөгүй, ямар ч боловсрол эзэмшээгүй хүнийг их сургуульд оруулна гэж байхгүй” гээд халгаасангүй гэнэ. Аль таньдаг гэх хүмүүсээс тусламж хүсээд явж байтал Орост суух Монголын элчин сайдын яамны Вандан гэх хурандаа түүнд нааштай хандаж, Зөвлөлтийн Соёлын яам, Боловсролын яамны хэлтсүүд дээр асуудлыг нь шийдэхээр дагуулан очжээ. Тэгээд “Энэ  хүн өмнө нь ажиллаж байсан туршлагатай, сурах бүрэн  боломжтой” гээд аль байдгаараа тайлбарласан ч хүлээж авсангүй гэнэ. Угтаа бол Д.Лувсаншарав нь тухайн үед арваад жил мэргэжлээрээ ажиллаад, 1951 онд Гавьяат цол, 1954 онд "Алтан гадас" гэх зэрэг төрийн медаль хүртчихсэн, нутагтаа нэр хүндтэй нэгэн байв. Арай гэж зөвшөөрлөө дөө гэсэн нэг сайд нь түүнийг "Ленинград яв" гэж хэлжээ. Хариуд нь“Үгүй би явахгүй, Москвад л сурна” гээд гүрийсээр дахиад нэг сар болов. Тэр сүүлдээ Элчин сайдын яаман дээр амьдардаг болчихсон байж. Мөнгө төгрөг ч үгүй. Хүмүүсээс санаа зовоод хэлэхгүй, тоохгүй явсаар л байж. Тэгсэн нэг сайн санаат хүн“Направление гэж юм байдаг юм. Тэрийг аваад очвол сургуульд авдаг юм байна” гэж дуулгажээ. Түүнийгээ ч Вандан гуайдаа хэлжээ. Яаман дээр очтол нэг түшмэл нь “Тэртээ тэргүй авахгүй. За яахав, нэг бичиг хийж өгье" гээд гаргасан аж. Тэгээд бушуухан хийж өгснийг нь аваад их сургуулийн ректор дээр очтол нэлээд хэдэн шалгалт, олон өдрийн зайтай авав. Түүнийг нь өгч байж сая сургуульдаа тэнцэж орсон байна. Тэгж олон хоног будилж явснаас сүүлдээ шантарч, шалгалт өгч байхдаа хүртэл “Яадаг юм, буцна аа” гэж боддог болжээ. Бүтэн сар хүлээхдээ таних мэдэх хүнгүй, гэрээ болон гэргий С. Долгорсүрэнгээ маш их санасан гэдэг. Тэгээд дуу зохиох санаатай нэгэн танилтайгаа таараад Б.Явуухуланг сураглатал Утга зохиолын дээд сургуульд байгаа гэдгийг сонсож гэнэ. Тэр даруй найз яруу найрагчийнхаа гэрийг заалгаж аваад өөрийн зохиосон хоёр бадаг шүлгээ өвөртлөөд очжээ. Хоёр жил уулзаагүй найзтайгаа элдвийг ярьж суунгаа Явуудаа хандан “Найз нь гэрээ санаад үхэх нь. Би хоёр бадаг бичлээ. Үүн дээр нэмээд иймэрхүү шүлэг бичээд өгөөч” гэж хэлжээ.  Б.Явуухулан ч маргааш нь М.Горькийн сургууль дээр хүрээд ир гээд явуулжээ. Тэгээд дэлгэрүүлэн зохиож бичсэн шүлгээ өгснөөр түүний сэтгэлд нийцэж “Би чамд хайртай” дуу бүтсэн байна. Тухайн үед Москвад хамт сурч байсан найз, хожмын Ардын жүжигчин А.Загдсүрэнгээр дуулуулжээ. Аугаа хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёр энэхүү дуугаа гэргий нартаа зориулсан байна.