images

"Дөрвөн настай халиун"


"Дөрвөн настай халиун ээ

Дөрөө жийгээд жиргүүлнэ ээ, ай хө" хэмээх монгол ардын дууг бид “Дөрвөн настай халиун”, “Дөрвөн настай бор” зэргээр нэрлэж ирсэн. Энэ дууны тухай аман түүхийг судлаачид янз бүрээр бичиж үлдээжээ. Түүнээс нийтэд хамгийн их түгсэн нь Б.Гаваа, Б. Палам, М.Цэвэгмид, Ж.Саруулбуян нарын өгүүлснээр сайн эр Сэрээтэр Сэцэн хан аймгийн Да вангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурын хавиар нутагладаг Гандан бээл гэгч харгис ноёнтой тэмцсэнээр эхэлдэг. Гандан бээл ноёны бага хатан Алимаа өөрийн аягачин, давхар биетэй Сүрэн бүсгүйг ноёндоо ховлож шадар хиагаар нь зодуулж байхтай Барамсайн Сэрээтэр таарчээ. Ингээд бүсгүйг өмөөрч амийг нь авраад, Ванзайн Доной нөхрийнхөө хамтаар ноёны алдарт хурдан хүлэг дөрвөн настай борыг хулгайлан унаад нутаг урвуулан дутаасан аж. Ийн харийн нутагт хоргодох болсон Сэрээтэр үе үе нутгийнхаа зүүн талаар орж ирээд алсаас ширтэхэд Буйр нуурын зүүн урдах Хансар хэмээх халхын дөрвөн сүм харагддаг байсан тул энэ дууг зохиосон гэдэг. Тэгвэл уран зохиол судлаач Л.Хэрээ дууг зохиогч Сэрээтэрийн талаар судалжээ. Тэрбээр Барамсайн Сэрээтэр гуайн талаар Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Магсаржавын Дамдинсүрэн агсны дурсамж номдоо бичсэнийг олж үзсэн байна. Түүн дээр “Би 1939 оны намар адуунд явж байхдаа Сутайн тойрмын зүүн дээр нэг бор гэр байхаар тэр айлд буулаа. Ганц бие Б.Самдан ламынх байв. Ламтан “Нас сүүдэр 83 хүрлээ. Эцэг эхээс хоёул юм сан. Ганц дүү маань надаас хоёр дүү Барамсайн Сэрээтэр гэдэг. Шилийн сайн эр болж яваад гүн нүхний ёроолд хатаж үхсэн дээ" гэж бичсэн байжээ. Иймд Б.Сэрээтэр гуайг 1858 оны үед төрж, бяр чадал тэгширсэн 1880-1990-ээд оны үед энэ дууг зохион дуулсан байж магадгүй гэж үзсэн бөгөөд түүнийг Баргын нутагт оргон зайлсан гэжээ.