images

"Солонгон ааштай бүсгүй"


Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэртээ зориулан дуулсан "Солонгон ааштай бүсгүй" дууны шүлгийг зохиосон яруу найрагч Я.Отгонбаяр дуу хэрхэн бүтсэн талаар ийн өгүүлэв.

      Эмэгтэй хүнийг өөр ямар өнцгөөс бичиж болох бол гэж бодсон юм. Солонгын долоон өнгөнд муухай гэж байдаггүй шүү дээ. Бүгд гоё л. Харин тэр өнгөнүүд шиг эмэгтэй хүн олон янзын ааштай. Тэгээд би энэ дуугаа эхнэртээ зориулж бичсэн юм. "Аль өнгөнд чинь би дурлах юм бэ солонгон ааштай бүсгүй минь, алдаа оноотой нь хамтад нь хайрлана аа солонгон ааштай бүсгүй минь" гэж. Тухайн үед би эхнэрээ цаашлуулаад "Чамд зориулаад ийм шүлэг биччихсэн шүү" гэж байлаа. Миний эхнэр Д.Эрдэнэчимэг гэж аялал жуулчлал, хүний нөөцийн чиглэлийн хүн байдаг. Мэдлэгтэй, даруухан бүсгүй бий. Монголын мэргэшсэн цөөхөн хүний нөөцийн нэг. Гэхдээ л эмэгтэй хүн чинь цагийн дараа л өөр юм ярьдаг шүү дээ. Тэгэхээр нь "Өчигдөр чи цас шиг урсаж байсан, өнөөдөр чи ус шиг урсаж байна" гээд эсрэг тэсрэгийг тэрсэлдүүлж бичсэн юм. Харин цаад агуулга нь энэ бүхнийг чинь би хайрлана гэсэн үг. Тэгээд энэ шүлгийг бичсэнээс жилийн дараа Т.Дэлгэрмөрөнг хуучны дуу сэргээн дуулж байхыг зурагтаар үзэж таарсан юм. Би утсаа шүүрч аваад Т.Дэлгэрмөрөн рүү "Надад ийм шүлэг байна. Чамд ямар хэм хэмнэлээр мэдрэгдэх юм бол доо. Чи нэг хараадах уу" гээд "Солонгон ааштай бүсгүй" шүлгээ илгээлээ. Тэгсэн "Өө, ямар сонин содон юм бэ" гээд л өнгөрсөн юм. Харин сарын дараа над руу "Нөгөө шүлэгт чинь алдарт "Соёл Эрдэнэ"-ийн том Жагаа ах ийм сайхан аялгуу хийчихлээ. Гайхалтай сайхан дуу боллоо. Энэ бол мөнхийн бүтээл" гээд бичиж байна. Тэгээд "Хоёулаа энийгээ сайхан бүтээл болгоё" гээд л төлөвлөгөө ярив. Би чинь шүлэг бичиж өгчхөөд л дараа дараагийн ажилд нь огт оролцдоггүй, орхичихдог хүн. Энэнээсээ болоод хоёулаа жаахан түр тар хийсэн. Би ч дараагийн ажлуудад нь огт оролцоогүй. Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандадаа зориулаад дуулсан. Клип хийхэд их мөнгө зарцуулсан юм билээ. Т.Ананда ч менежмент сайтай бүсгүй байна лээ. "Солонгон ааштын увидас" Фэйсбүүк групп нээгээд, солонгын долоон өнгөөр үйл ажиллагаа зохион байгуулсан шүү. "Солонгон ааштай бүсгүй" дуу тэр хоёрт минь ач буянаа өгсөн байх аа гэж боддог юм.