images

”Анхны хайрын дуу”


“…Анхны хайр хүчтэй

Анхны дурлал ариухан

Хар нүдэн охин минь…” гэх энэ дууны үг аяыг хөгжмийн зохиолч, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хөгжим урлаг хариуцсан арга зүйч С.Батболд зохиожээ. Тэрбээр гучаад жилийн өмнө Хүүхдийн ордонд багшилдаг байхад нь Драмын жүжгийн дугуйлангийн хүүхдүүд “Найзууд аа, би яах вэ” нэртэй жүжгийн тоглохоор бэлдэж байтал уг жүжгийг найруулж байсан Ц.Мандах түүнд “Энэ жүжигт дуу хэрэгтэй байна. Хүүхэд насны анхны хайрыг харуулсан тийм дуу өгүүлэгдээд байх шиг” гэж хүсжээ. Тэр эхэндээ цааргалсан ч аргагүйн эрхэнд цаг нь дөхсөн жүжигт дуу хийж өгөхөөр төгөлдөр хуур дээр бэлдэж эхэлсэн гэдэг. Тухайн үед Ц.Мандах энэ жүжгээрээ дипломын ажил хийж байсан бөгөөд хүүхдийн дуунд жигтэйхэн дуртай болчхоод байж гэнэ. Энэ тухай С.Батболдын дурсамж яриаг сийрүүлбэл, “Тухайн үед би Мандахад хандан “Болчихсон шүү” гээд үг, аяыг нь сонсгосон. Гэтэл тэр “Энэ дууг бүжгийн дугуйлангийн сурагч Балдандоржоор дуулуул” гэж билээ. Тэр хүү үнэхээр авьяастай байсан. Яг тэр жүжиг тайзан дээр амилж, жүжгийн дууг дуулахад танхимд байсан хүүхдүүд маш сайхнаар хүлээн авч, алга ташилтаар мялааж байлаа. Ингээд л энэ дуу тэр даруй залуучуудын дунд дэлгэрч, дурлал хайрын захиа, дурсамжийн дэвтрийн нүүрийг чимж эхэлсэн. Одоо эргээд санахад сонин байдаг юм. Тухайн үед “Найзууд аа, би яах вэ” жүжгийн гол дүрд Драмын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу, ДОЗ энтертайнментийн захирал Ш.Доржсүрэн нар тоглож байсан юм билээ” гэжээ.

Дуу зохиогчийн өгүүлснээр энэ дууг хоёр удаа “мэндэлсэн” ажээ. Учир нь Оюуны өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан С.Гантөмөр түүнийг өрөөндөө урьж эл жүжгийг кино болгох хүсэлтэй явдгаа хэлээд “Энэ киног таны дууны шүлгээр нэрлэе” гэснээр UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” тэмцээний шилдэг оролцогчдын нэг Өнөдэлгэрээр дуулуулжээ. Ингэж 21 жилийн өмнө хүүхдийн дууны зохиолчийг хайрын дуунд урвуулсан “Найзууд аа, би яах вэ”  жүжгийн дуу “Анхны хайр” киноны дуу болсноор хоёр дахиа мэндэлсэн түүхтэй аж.

 ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН ШУУДАН" сонин 2012 он