images

“Хөөрхөн”


     “Насны хайр”, “Сайхан хүмүүс”, “Гэртээ ирлээ” зэрэг олон дууны шүлгийг бичсэн яруу найрагч Д.Данзанг монголчууд Үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг, холбооны дэд тэргүүнээр олон жил ажилласнаар нь сайн мэднэ. Ховд аймгийн Дарви сумын уугуул тэрбээр 2004 онд “Гэртээ ирлээ” дуугаараа нэрлэсэн тоглолт хийхээр уран бүтээлчдийн хамтаар Ховдод очжээ. Урьд нь хамтарч гурван ч дуу хийгээд байсан хөгжмийн зохиолч, мөн Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Б.Хүрэлбаатарт нэг орой түүнд хандаж “Дүүд нь нэг бэлэн ая байна. Та хөөрхөн гэсэн үг болж өгвөл дорвитой орсон нэг шүлэг хийж өгөөч” гэж. Тухайн үед нутагтаа яваа, зав чөлөөтэй байсан Д.Данзан зөвшөөрөн хүлээж аваад “Яруу найрагчдын олонх нь эрэгтэй тул бүсгүйчүүдээ хөөрхөн сайхан гэж магтсан дуу олон бий. Харин эрчүүдээ эргүүлж хариу магтсан дуу цөөхөн юм байна” гэж тэгэхэд боджээ. Тэгээд эрчүүд нь бүсгүйчүүдээ хөөрхөн гэж магтахад эргүүлээд эрчүүдээ сайхан гэж магтсан үгтэй байж болох юм гэж үзээд нэг шүлэг бичсэн байна. Нэг нутгийн алдарт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Д.Мяасүрэн түүнд “Одоо цагт харилцаа дуу гэж үгүй болжээ. Бадаг хувааж дуулахаас хэтрэхгүй байна. Харилцаа дуу гэдэг бол хоёр биендээ хандсан үгтэй байх ёстой юм” хэмээн хэлж байсныг найрагч санаж, энэ дууныхаа үгийг чухам ийм хэлбэрээр бичсэн гэнэ.

   “Явлаа гэж чанга битгий хэлээрэй”, “Хослох зүрхний уянга”, “Жинжиймаа” зэрэг олон сайхан дууг зохиосон хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар  Д.Данзангийн нэгэн шүлгийн номд “Хөөрхөн шүү чи минь, хөөрхөн” гэсэн дөрвөн мөрт байсныг үзээд найрагчид дээрх саналыг тавьсан аж. Шүлэг ч тэр дороо бүтэж “Yamaha” хөгжим дээр ая данг нь тохируулснаар Ховдын дуучин эмэгтэй Амаржаргал Д.Данзангийн тэрхүү тоглолт дээр анх дуулсан түүхтэй ажээ. Харин нэг жилийн дараа Б.Хүрэлбаатар тухайн үеийн “Сарны чулуу” чуулгын дуучин Б.Мөнхтөр, мөн өөрийн шавь Ц.Туяацэцэг нараар дуулуулж “Анир” студид бичүүлсэн байна. Өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд энэ дууг хосоор дуулдаг хэд хэдэн дуучин дуулсан төдийгүй Хятад улсад орчуулан дуулсан нь сонин юм. Энэ нь 2007 онд Б.Хүрэлбаатарыг Шинжаан-Уйгарын Үрэмч хотын радиод дууны найруулагчаар ажиллаж байхад болсон явдал бөгөөд Хятад даяар алдаршсан “Чандмань эрдэнэ” дууг зохиосон БНХАУ-ын алдарт дуучин Бүрэнбаяр анх дуулсан нь Шинжааны, улмаар Өвөр Монголын, эцэст нь Бээжингийн радиогоор цацагдсан түүхтэй.  

   

Эх сурвалж: Монголын үндэсний радиогийн “Дуун увидас” нэвтрүүлэг.