images

“Орь залуу нас”


     1977 онд хөгжмийн зохиолч Т.Насанбуян өөрийн багш Ж.Бадраагийн шүлгэнд ая хийгээд тэр үед дөнгөж олны танил болж эхэлсэн дуучин М.Янжиндуламаар дуулуулахаар сонгожээ. Тухайн үед 20 настай М.Янжиндулам нь уран сайханч байхдаа эстрадын дуулаачдын улсын уралдаанд түрүүлж, урилгаар “Баян Монгол” чуулгын үндсэн дуучин болоод удаагүй байв. Тэрбээр тухайн үед П.Самбуугийн шүлэг, Ш.Сугарын хөгжим “Сүүмийн сүүмийх алс тэртээд сүргээ хариулж яваа даа” гэж эхэлдэг “Аавдаа” хэмээх дууг дуулж голонд танигдсан боловч тэр жил болсон Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хурлаар “Этгээд муухай дуулсан” хэмээх ширүүн шүүмжлэлтэй тулгараад байв. Харин Т.Насанбуян “Шинэ арга барил орж ирж байгааг ойлгож хүлээж авах хэрэгтэй” хэмээн уг шүүмжлэлийг эсэргүүцээд, шинэ дуугаа М.Янжиндуламаар дуулуулахаар болжээ. Т.Насанбуян энэ дууг бичихдээ цар хүрээнийх нь хувьд тэр бүр хүн дуулаад байхгүй, мэргэжлийн түвшний чадвар шаардсан дуу бичихийг чармайсан бөгөөд М.Янжиндулам шиг авьяаслаг, шинэчлэгч дуучин л дуулж чадна гэдэгт итгэлтэй байв. Дуучин бүсгүй ч итгэлийг нь алдсангүй, уг дууг маш чадварлаг дуулж ард түмний талархлыг хүлээсэн төдийгүй мөн ондоо Монголын Радиод, дараа жил нь “Баян Монгол” чуулгын пянзанд оруулан бичүүлжээ. Энэ дууг дуулснаар дуучны нэр ард түмний дунд асар хурдан түгж өөрөө тухайн үеийнхээ хамгийн алдартай дуучны зэрэгт хүрсэн юм. Хот, хөдөөгийн хаана ч болсон аливаа тоглолтод М.Янжиндуламын дуулахыг үзэгчид дахиулахгүй өнгөрсөн явдал байхгүй гэхэд хилсдэхгүй. Хожим энэ дууг хэд хэдэн дуучин дуулсан бөгөөд тухайлбал 2001 онд “On’ Off” продакшны бүтээсэн “Цэнхэр дэлгэц” телевизийн цувралаар дуучин Ч.Сэрчмаа дуулжээ. Мөн дуучин Ц.Мөнхзул, Э.Сүнжидмаа, Б.Солонго нар өөр өөрийн өнгө аясаар дуулсан бий. Гэхдээ хамгийн сонирхолтой нь далаад оны сүүлээр энэ дууг Увс аймгийн Хөгжимт драмын театрын эмэгтэй найрал дуучид дуулж Монголын радиод бичүүлсэн нь алтан сан хөмрөгт үлдсэн байна.   

   Хуучин социалист дэглэмийн үед М.Янжиндуламыг албан ёсны хэвлэлээр “Хятадын тагнуул” хэмээн хилсээр гүтгэж олон нийтийн дунд нэр хүндийг нь гутаан доромжилж байсан нь гунигтай. Тэрбээр 90-ээд оноос хойш цэргийн сургуульд дууны багш, Төмөр замчдын дуу, бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаад 2005 онд 48-тайдаа нас нөгчжээ.