images

“Таван эрдэнэ”


Яруу найрагч Л.Лувсандоржийн үг, хөгжмийн зохиолч З.Батсүхийн ая "Таван эрдэнэ" дууны түүхийг хүргэе.

     Энэ дуу анх МҮОНРТ-ийн Хөдөө аж ахуйн редакцаас төрөн гарчээ. Монголын радио намар болгон тариаланчдад зориулан “Ургацын далай” нэвтрүүлэг гаргадаг байв. Дуутай, хууртай олон түмний хайртай нэвтрүүлэг байсан учраас Монголын радиогийн удирдлагууд тус нэвтрүүлэгтэй эн зэрэгцэх малчдад зориулсан нэвтрүүлэг хийх даалгаврыг ажилчиддаа өгчээ. Төл мал бойжих цагаар малчдадаа зориулсан сайхан нэвтрүүлэг, дуу хуур үгүйлэгдэж байсан цаг юм санж. Тэгээд шинээр хийх нэвтрүүлэгтээ тохирох нэр болон дууны уралдааныг монголын радиод ажиллаж байсан зохиолч яруу найрагчдын дунд зарлажээ. Тэгэхэд урлаг соёлын редакцын редактораар ажиллаж байсан зохиолч Мэнд-Ооёо нэвтрүүлэгтээ "Төл таван эрдэнэ" гэсэн нэрийг өгье гэж санаа гаргаж, бүгд дуу нэгтэй зөвшөөрч, нэвтрүүлгээ эхлүүлж байжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нэвтрүүлэгтээ зориулсан дуу хийх эрэлд гарч байтал нэг өглөө сэтгүүлч М.Цагаан радиогийн редакцад орж ирээд “Хөөе Лууяа, Хүрлээ тэр дууны шүлэг хаана байна. Өнөөдөр дээр дарга нар шалгаруулалт хийх гэж байна. Одоо та хоёр өг” гэчхээд гараад явжээ. Лууяа гэдэг нь гадаад нэвтрүүлгийн редактор шүлэг яруу найрагт сонирхолтой Л.Лувсандорж гэх залуу байв. Харин Хүрлээ нь хамт ажиллаж байсан сэтгүүлч, яруу найрагч Хүрэлбаатар байсан аж. Тэр яаруу ирсэн захиасыг сонсоод Хүрэлбаатар Лувсандорждоо хандаж “Ерөөсөө чи орчих уу. Надад одоо ямар ч шүлгийн санаа байхгүй тэвдэж байна” гэж хэлсэн байна. Тэгсэн хариуд нь “Одоо өөр алга” гээд л шууд л бичгийн машиндаа цаас хийгээд бичиж эхэлжээ. Ерөөс тавхан минутын дотор л “Энгэрийн яргуй цасан дороос цухуйхад, Эхний төлийн дуу наран наашлуулж цангинана” гээд л эхний мөртүүд нь ороод ирж гэнэ. Уг шүлэгч хөдөө орон нутаг, нүүдэлчин малчдын амьдрал ахуйд ойр өссөн нэгэн аж. Тийм ч учраас  богино хугацаанд дууныхаа шүлгийг уран яруугаар шагласан юмсанж. Дууны шүлэг ч бэлэн болж, дарга нарт танилцуулсны дараа хөгжмийн зохиолч З.Батсүх ая хийж, Ардын дуу бүжгийн чуулгын дуучин Тунгалаг цөөхүүл найрал хөгжимтэй дуулж, нийтийн хүртээл болгожээ. "Төл таван эрдэнэ" нэвтрүүлгийн чимэг болсон "Таван эрдэнэ" дуу өдгөө 44 дэх жилдээ эгшиглэж байна.

Эх сурвалж: МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгөөс