images

“Улаанбаатарын үдэш”


Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухан намуухан

Учралын болзоонд залуус яаруухан хэмээх энэ дуу 1985 онд төржээ. Улаанбаатарын унаган хүүхэд хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж төрсөн нутагтаа зориулж ая бичсэн нь энэ аж. Тэрбээр дууны үгийг харчихаад түүнд зориулж ая бичдэг бол зөвхөн энэ дууны аяыг эхэлж бичсэн гэдэг. Харин тэр аянд нь сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн шүлэг яв цав таарснаар “Улаанбаатарын үдэш” дуу бүтэж, Б.Бадар-Ууган агсан анхлан дуулсан байна. Мөн тухайн онд хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж “Инээмсэглэл” хамтлагийг үүсгэн байгуулж энэ дууг дахин дуулжээ. Түүнээс хойш Монголын төдийгүй Хятадын дуучид ихээр дуулсан билээ. Тухайлбал, Өвөр Монголын “Хангай” хамтлаг үндэсний хөгжимтэй хослуулан монгол хэлээр дуулсан нь Хятадын болон Азийн сонсогчдод хүрэхэд ихээхэн нөлөөлжээ. Мөн Ордос хотын дуучин Аянга дуулдаг бөгөөд тэрбээр зургаан жилийн өмнө CCTV-гийн “Rising star China” уралдаант нэвтрүүлэгт оролцохдоо энэ дууг дуулж дэд байр эзэлсэн юм. Мөн 2015 онд “Би дуучин” телевизийн нэвтрүүлэгт оролцсон Хятадын алдартай дуучин, жүжигчин бүсгүй Тан ВэйВэй “Улаанбаатарын үдэш”-ийг хятад хэл дээр дуулжээ. Түүний дуулж буй бичлэгийг “Youtube” сувагт 51 мянган хүн үзсэн байна. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Энэ дууг анх сонсоход л хуучны дурсамжууд санаанд орж ирж, өөд болсон аавтайгаа байсан үе минь санагдсан” гэжээ. Мөн дууны хөгжмийг Хятадын “MUSA x Loh Junhong” хамтлаг хийл, ятга, даралтат хөгжим, аман хуур дээр тоглон дүрсжүүлсэн байна.