images

“Сүүн далай ээж”


     1979 онд Увс аймгаас Багшийн сургуульд дөнгөж ирээд Соёлын ангид суралцаж байсан 15 настай Б.Магсаржав хүү дууны ая зохиож болмоор санагдаад байхаар нь шүлэг олж авах санаатай, яруу найрагч Ц.Гайтавыг хайж Зохиолчдын хороо оржээ. Хороон дээр очоод Ц.Гайтав гуай хаана суудгийг яруу найрагч Ш.Сүрэнжавтай тааралдаад асуусанд урдаас ньЧамд тэгээд архи байгаа юм уу?” гэж гэнэ. Хүү гайхсан боловч тэр дороо “Архи авч ороод дууны шүлэг авдаг байх нь” гэж сэтгээд, дотуур байрны нөхөддөө очиж учраа хэлсэнд нөхөд нь дундаасаа 28 төгрөг нийлүүлж өгөөд, сайн дуу хийхийг захисан байна. Хүү шил архи өвөртлөөд Ц.Гайтав найрагчийн өрөөнд явж орж барьсанд найрагч “За чи залуу хүн, хайр дурлалын шүлэг л гэж яваа биз дээ?” гэж гэнэ. Хүү хариуд нь “Үгүй, үгүй. Би анхныхаа дууг ээждээ зориулна” гэжээ. Тэгмэгц найрагч шилтэйг задалж гурваны нэгийг нь стаканд хийж хөнтрөөд, суудал дээрээ эхний нэг бадгийг бичжээ. Тэгээд дахин гурваны нэгийг уугаад нэг бадаг, үлдсэнийг нь хийж хүртээд гурав дахь бадгийг нь бичиж гэнэ.  Тэгээд “Май миний хүү, сайхан дуу болгоорой” гээд гарын үсгээ татлаад өгснийг хөгжмийн зохиолч Б.Магсаржав одоо хүртэл нандигнан хадгалж явдаг ажээ.

Наран гэрлийн илчтэй

Саран гоо ээжий минь

Дэлгэр сайхан хараагаараа

Дэлхий ертөнц мишээж байна гэж эхэлдэг энэ дууны үг ингэж бүтсэн бөгөөд Б.Магсаржав хүү ч дор нь ая хийснээр Монголын дууны ертөнцөд гаргасан түүний тодоос тод мөр эндээс эхэлж, ая хийсэн 500 гаруй дууны анхных нь энэ болсон түүхтэй. 1981 онд энэ дууг анх дуулсан хүн нь хожим Гавьяат жүжигчин цол хүртсэн Ц.Өлзий-Орших бол удаад нь Дарханы хэмээх мөн Гавьяат жүжигчин Б.Энхбат дуулж радиод анх бичүүлсэн юм. Харин хамгийн сүүлд 2012 онд 15 настай залуу дуучин Б.Аззаяа дуулсан нь нийтэд нэлээд түгсэн билээ.