images

Алтантуяа


     Алтантуяа гэчхээд яагаад Н.Алтанхуягийн зураг байдаг билээ гэж та гайхаж байна уу. Увс аймгийн Улаангом хотноо 1958 оны 1 дүгээр сарын 20-д Норов, Жигүүлэн нарын тавдугаар хүү болж мэндэлсэн нярайг эх барьж авсан хөрш айлын эмээ Алтантуяа хэмээх нэр түүнд хайрлажээ. Хэдий охин хүүхдийн нэр юм гэж эцэг эх нь дотроо дурамжхан байсан ч олон айлын үрийг эсэн мэнд эх барьсан, нас өндөр, буянтай эмээгийн үгийг зөрж чадсангүй, алдас болно хэмээн боджээ. Ингээд Н.Алтантуяа хүү 23 нас хүртлээ энэ нэрийг зүүж, эцэг эхтэйгээ зөвлөлдөн Н.Алтанхуяг болгож солиулсан бөгөөд энэ тухайгаа "Оргил өөд" дурсамж номдоо бичсэн байна. Тэрбээр "Би Норовын тав дахь хүү болж ээждээ одон авчирсан гавьяатай. "Миний муу Туяа чинь ээжийнхээ энгэрт одон зүүлгэсэн" гэж ээж маань миний багад хааяадаа нэг татаж үнэрлэдэг байсан нь санаанд үлдсэн байх юм. Би үүнд их оодордог, ах, эгч нартайгаа муудалцахад үүгээрээ түрий барьж "Би ээжид одон өгсөн мэдэв үү" гэж ам асуудаг байлаа. Сүүлдээ энэ зан минь хэтэрсэн тул "Нөгөө Туяа чинь онгироод уналаа" гэж ах, эгч нарын доог тохуу хийдэг болсныг анзаарснаас хойш татарсан санагдах юм" хэмээн дурсжээ. Мөн одоо ч Алтантуяа хэмээн дуудахыг сонсвол эргэж харчих гээд байдагаа бичсэн байна.