images

Такашикэн буюу Тэгшхэн


     Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд Монгол, Хятадыг холбосон худалдааны чухал суваг болсон Такашикэн хэмээх боомт бий. Монголын талын боомт нь Булган. Такашикэн хэмээх нэр нь хятад нэр үү, уйгур нэр үү, хасаг нэр үү гэдэг нь төдийлөн танигддаггүй. Гэтэл энэ бол тэр гурвын аль нь ч биш, цэвэр монгол нэр бөгөөд харьжаад ийм болжээ. Уул боомт нь хоёр голын бэлчирт орших бөгөөд энэ бэлчир буй газар нь тэр хавьдаа онцгой тэгшхэн газар аж. Иймээс уг газрыг монголчууд хэзээнээс Тэгшхэн гэж нэрлэдэг байв. Торгуудууд бол тэгшхэн гэдэг монгол үгийг тагшкан гэх маягтай хэлнэ. Боомт буй ШУӨЗО-ы Алтай тойрог нь ойрад, тэр дундаа торгууд монголчуудын эртнээс сууж ирсэн нутаг юм. Үүний гэрч тэмдэг болох газар усны монгол нэр өдий төдийгөөрөө бий боловч албан ёсны нэршилдээ хятад хэв маягийг олоод танигдахгүй болсон нь дийлэнх. Тухайлбал Буурал тохой гэдэг газрын нэр Бурултокай, цаашилбал Фухай болжээ. Мөн монголоор Хөх тохой гэдэг газар Кёктокай буюу Фуюнь болсон байна. Цэнгэл буюу Чингэл голын нэрийг Цинхэ гэнэ. Эндээс баруун урагш нутгийн гүн рүү орсон ч ийм жишээ маш олон. Алтай тойрогтой хил залгаа, торгуудын уугуул нутаг Ховогсайр багтдаг тойргийн нэрийг Тачэн гэх бөгөөд уугуул нэр нь Тарвагатай юм. Цэргийнхэн олноор суудаг жижигхэн хот буйг хятадаар Хэшитуолуогай гэнэ. Тэгвэл энэ нь угтаа Хоштолгой буюу Хоёр толгой гэсэн утгатай торгууд нэр байжээ.