images

Аким


Орчуулагч Готовын Аким нэрийнхээ учрыг манай сайтад ийн өгүүллээ.

     "Сурвалжлагч нар миний нэрийн учрыг их асуудаг юм. Би яг Халх голын дайны үед төрсөн байхгүй юу. Даарий гэж манай сумын бага эмч надад нэр өгсөн. Яагаад ингэж нэрлэснийг би мэддэггүй юм. Нэлээд ухаан орсон хойноо нутагтаа очиж өвгөнийг асуухад Халх голд очсон гэж байна. Дараа нь Халх голд очвол Матад руугаа явчихсан байсан. Ингэж зөрсөөр байгаад нэрийнхээ учрыг асууж чадаагүй. Энэ яахав, орос л нэр. Библиэр дамжаад орос хэлэнд орж ирсэн Аким, Эким гэж нэр. Утга нь "дээрээс нь дэмжих" юм. Би “Ил товчоо” сонинд байхдаа дарга нарын эгдүү хүргэхээр юм биччихвэл Соёрхол гэдэг нууц нэрээр гаргачихдаг байлаа. Дэмжих гэдэг нь соёрхох гэсэн үг л дээ. Дорнодод орос цэрэг их байсан. Тэр дунд ийм нэртэй хүн байгаад надад тэр хүний нэрийг өгсөн ч юм уу, бүү мэд. Намайг тавдугаар ангид байхад орос нэртэй хүүхдүүдийн нэрийг сольсон юм. Би зөрүүдлээд аав ээжийнхээ өгсөн нэрийг солиулахгүй гэлээ. Зөндөө л хүүхэд нэрээ сольсон, би солиогүй. Тэгээд оюутан болоод Улаанбаатарт ирдэг юм. Хоёрдугаар курст байхдаа радиод орчуулга хийе гэж бодоод очлоо. Тэгсэн радиогийнхон "Ийм гадаад нэртэй хүний нэрийг гадагш нь цацаж болохгүй" гэв. Тэгэхээр нь хороо хорин дээрээ очлоо. Нэрээ солиулах хүсэлтэйгээ хэлбэл “Чамаас юу үнэртээд байна?” гэж байна аа. Би гайхчихсан. "Хүүхэд шуухадтай болоогүй учраас хүүхдийн үнэр биш байх. Шээс баас үнэртэнэ гэж байхгүй, юу үнэртсэн юм бол" гэж гайхлаа. Тэгсэн чинь “Чамаас үндэсний үзэл ханхалж байна” гэж байна. Хоёрдугаар курсийн хүүхдэд чинь ямар юмных нь үндэсний үзэл байх вэ дээ. Ингээд миний нэрийг сольж өгөөгүй, Аким нэрээрээ үлдсэн. Энэ нэрээрээ л дуусах учиртай юм байж. 

Редакцийн тодруулга: Улсын бүртгэлийн газрын мэдээллийн санг үзвэл, өнөөдөр манай улсад Аким нэртэй 24 хүн байна.