images

Наминчимэд


Зохиолч Баасангийн Наминчимэд манай сайтад нэрийнхээ тухай ийн ярив.

     Эцэг эхээс хайрласан нэр маань Наминчимэд юм. Бүр яг уг язгуураар нь бичвэл Намьянчимэд юм билээ. Жамьян гэдэгтэй төстэй бичнэ. Намьян нь "Бүр хэзээ ч, яагаад ч" гэсэн хүч оруулсан, Чимэд нь "Үхэл үгүй" гэсэн утгатай. Нийлэхээрээ "Хэзээ ч үхэхгүй нөхөр" болчихно. Гэтэл цэцэрлэгт орохоос эхлээд л Намин биш Номин гэж харилцаад эхэлсэн. Бүх журнал, харилцаанд тэр шүү. Учир нь, Наминтай нэр байдаггүй, харин Номинтой нэр элбэг, Номин-Эрдэнэ, Номинчимэг, Номинбаяр гэх мэтээр. Тэгээд арван жил, ажил, дээд сургууль гээд ер нийгмийн бүх харилцаанд Номинчимэд гэдэг нэрээр нэг л мэдэхэд оролцоод, би ч өөрөө түүндээ дасаад, анхны сэтгүүл зүйн өгүүлэл болон туужаа Номинчимэд нэрээрээ бичсэн. Одоо намайг зөвхөн дөрөв тавхан ах эгч нар минь л Намин гэж дууддаг, бусад бүх хүмүүс Номинчимэд гэдэг. Ингээд  нэгэнт нийгмийн харилцаанд түгээмэл хэрэглэгдсэн нэрээрээ бүрмөсөн нэрлүүлчихье гээд паспортныхоо нэрийг солъё гэтэл нэг эгч минь загнасан. Тэгээд л болчихсон доо. Одоо төрийн албан ёсны харилцаанд Наминчимэд гэдэг нэрээр явж байна. Гэхдээ тэр нь бага хүрээнд, учир нь паспорт дээр тэр нэр байгаа учраас тэр. Харин Номинчимэд маань уран бүтээлийн нэр боллоо. Уран бүтээлийн нэрийг хүсэж авсангүй. Нэг л мэдэхэд өөрөө аяндаа ингээд бий болчихов. Псевдоним буюу уран бүтээлийн нэрийг цөөнгүй уран бүтээлчид ашигладаг. Тухайлбал, Марк Твений жинхэнэ нэр нь Клэмэнс. Горькийнх Пешков шүү дээ. Манайд ч уран бүтээлийн нэрээр зохиол бүтээлээ бичдэг уран бүтээлчид бий. Бүр жинхэнэ нэрийг нь бараг хүн мэддэггүй. Харин миний хувьд уран бүтээлийн болон жинхэнэ нэр хоёрын маань хооронд ганцхан үсэгний зөрүү байгаад л төөрөгдүүлээд асуудал үүсгээд байгаа юм.