images

Мэгзим


     Монголын хүн амын бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй Мэгзим нэртэй нэг, Мэгзэм нэртэй 20 хүн буй. Тэдний нэрийн учрыг тайлбал, Богд Зонхавын залбирал зүрхэн уншлага буюу туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай ажээ. Харин энэхүү магтаал уншлага үүссэн түүхийг хоёрдугаар ялгуулсан Бурхан, язгуурын багш хэмээн хүндлэгдэн шүтэгддэг Богд Зонхова Лувсандагва /1357-1419/ өөрийн багш Сажийн дээд лам Жавзүн Рэндаваа Шонү Лодойд зориулан зохиож өргөсөн гэдэг. Гэвч багш нь "Цастын мэргэдийн оройн чимэг Рэндаваа" гэх магтаал соёрхол надад огт зохисгүй, харин шавь чамд зохистой. "Цастын мэргэдийн оройн чимэг нь чи" юм гээд "Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова Лувсандагвын өлмий дор соёрхол талбия" хэмээн засварлан буцааж өргөснөөр Богд Зонховын залбирал мэгзэм бүтжээ. Мэгзэм нь ес, тав, дөрвөн шадтай байх бөгөөд есөн шад мэгзэмийн монгол хувилбарыг дор оруулав.

Шид бүтээл бүхэн гарах чадагчийн эрхт Очирдара
Зоригдол үгүй их энэрлийн сан Жанрайсэг
Хиргүй айлдлын эрхт Зөөлөн эгшигт
Шуламсын омгийг хоцролгүй даран зохиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Лувсандагва
Аврал гурав бүхэн хурсан багш Бурхан дор
Гурван үүдээр бишрэнгүйн үүднээс соёрхол талбия
Өөр бусдыг боловсруулан гэтэлгэхэд адисал
Дээд ба нийтийн шид бүтээлийг хайрлан соёрх