images

Лоохууз


    Монголын сонин содон нэртэй хүмүүсийн нэг нь Цогт-Очирын Лоохууз гуай байлаа. Тэрээр Намын төв хорооны САА-г удирдах газрын дарга, ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайд хийж байгаад хурал дээр хэлсэн хатуу үгийнхээ уршгаар “Намын эсрэг бүлгийн толгойлогч” хэмээн цөлөгдөж, шоронд ял эдэлж байсныг хүмүүс сайн мэддэг. Тэгвэл ийн буруудаж явахад нь Лоохууз нэр нь хүртэл түүнийг буруутгах нэг шалтгаан болж байжээ. Тэрээр өөрийн сонин нэрийн тухай “Би эцэг эхээс заяасан Лоохууз гэсэн гаж нэртэй хүн юм. Багадаа бөөрөнхий тарган хүүхэд байсан болохоор намайг аав, ээж минь тэгж нэрлэсэн хэрэг. Лоохууз гэдэг чинь хятадаар лонх гэсэн үг шүү дээ. Тиймээс намайг Хятадын эрлийз гэж нүд үзүүрлэх шалтаг болгосон. Говь-Алтай аймгийн Чандмань сумын Ботгонын голд хонь, сарлаг хариулж амь зуудаг хүн ямар юмных нь хятад байх вэ дээ. Манайхан ер нь бүгд сонин нэртэй. Миний ахыг Халтар-Ухна, дүү нарыг Мандал, Хумбагар, Муувгар гэдэг” хэмээн Ардчилсан хүчний Залуучуудын холбооны “Хөгжил” клубт “Ардчилал ба тусгаар тогтнол” сэдвээр илтгэл тавихдаа хэлж байжээ. Одоогоор манай улсад Лоохууз нэртэй 10 хүн байгаа нь олны танил төр нийгмийг зүтгэлтний нэрээс санаа авсан хэрэг байж болох юм.