images

Хужаа


     Манай улсын хүн амын бүртгэл мэдээллийн санд Хужаа нэртэй зургаан хүн буй. Монголчууд ихэвчлэн урд хөршийнхнөө хужаа гэдэг бөгөөд “Монгол хэлний их тайлбар толь”-д өгүүлснээр харь оронд цагаачлан суугаа хятад иргэн гэсэн байна. Мөн “Зугаатай хэл шинжлэл” фейсбүүк группт энэ үгийн утгыг гурван янзаар тайлж болох тухай нийтэлжээ. Нэгдүгээрт, 华侨 /huáqiáo/ хуацяо буюу цагаач, гадаадад байгаа хятад хүн гэх хувилбарыг дурдсан байна. Энэ нь цагаач гэх утгаар эх нутагтаа байгаа хань үндэстнүүд гадаадад байгаа хань үндэстнээ хэлж буй хэрэг мөн. Хоёрдугаарт, 回家(huí/jiā) буюу буц, гэртээ харь гэсэн ханз ажээ. Магадгүй хятадуудыг хужаа гэж дуудахад дургүй байдаг нь энэ ханзтай төстэй дуудагддагаас болсон байх магадлалтай гэнэ. Тодруулбал, дээрх хоёр хувилбарыг нийлүүлбэл 华侨回家 /хуацяо хуйжиа/ буюу "цагаачаа гэртээ харь, нутаг буц" гэж сонсогддог учраас хятадууд эмзэглэж дургүйлхдэг байх талтай юм. Харин гурав дахь хувилбар нь /huǒji/ гэсэн ханз ажээ. Энэ нь бидний дунд үүссэн хужаа гэх үгийн үүсэл /huǒ ji/ бөгөөд гурван янзын утга илэрхийлнэ. Тухайлбал,

А. Хамтран ажилладаг хүн, хамтрагч, партнер

Б. Дээр үед дэлгүүрийн ажилтан эсвэл удаан хугацаагаар ажиллаж байсан ажилтан, ачигч гэсэн утгатай хуучирсан үг

В. Хятадын умард нутгийн аялгуунд найз, анд гэсэн үг болно. Эдгээрээс дэлгүүрийн ажилтан, ачигч гэх утга нь манайд хэрэглэдэг хужаа гэх үгтэй илүү дөхөм байж магадгүй. Учир нь, Манжийн үеийн хятад пүүсийн ажилтнуудыг ингэж хэлдгээс үүссэн байж болно. Нөгөө талаас 1950-1960 онд социалист улсуудын хүрээнд БНХАУ, БНМАУ-ын бүтээн байгуулалтад оролцож барилга, зам, гүүр барьж өгсөн учраас хамтран ажилладаг хүн гэдэг утгатай байж болох ч талтай. Гэвч 1960 онд БНХАУ, ЗХУ-тай зөрчилдөж харилцаагаа таслахад манайх ЗХУ-ын талд орж БНХАУ-тай харилцаагаа муутгасан тул хятадаас ирсэн "хамтрагч" нараа муугаар хэлж буюу хужаа гэх болсон байж ч мэднэ.

Эх сурвалж: “Зугаатай хэл шинжлэл” фейсбүүк группээс