images

Хээрийнбаатар


     Манай улсад Хээрийнбаатар нэртэй хоёр хүн бий. Тэдний нэг нь Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор, дэд профессор Батаагийн Хээрийнбаатар юм. Тэрбээр 1962 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Цахир сумын Хойд тэрх гэдэг газар хээр мэндэлж Хээрийнбаатар нэртэй болжээ. Учир нь, Монгол оронд 1950-иад оноос эхэлсэн “Соёлын довтолгоо”-ны улмаас хөдөө гэрт нь ирсэн эмч Чулуун “Гэрт төрж болохгүй, бригадын төв орж эмнэлэгт төрүүлнэ” хэмээн Батааг эхнэрийн хамт мориор авч явжээ. Гэтэл амаржих дөхсөн эх бригадын төв тэртээд харагдаж байхад үүрийн таван жингээр хээр амаржсан байна. Ингээд эхийг төрүүлж аваад бригадын төв орж ирвэл эмч Чулуун “Батаа чи хүүдээ Хээрийнбаатар гэж нэр өг” гэснээр төрсөн даруйдаа нэр авсан түүхтэй гэнэ. Ийн айлын гутгаар хөвгүүн болж мэндэлсэн Хээрийнбаатар уулын цахилгааны инженер мэргэжил эзэмшин 1985 онд Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход анхны мэргэжилтэн болж очжээ. Улмаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн хэлтсийн тэргүүлэх эрчим зүйчээр ажилласнаас гадна Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуульд 1998 оноос багшилж, Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор болж дэвшсэн байна.