images

Пеле


     Өнгөрсөн 29-ний өдөр таалал төгссөн домогт хөлбөмбөгч Пелегийн албан ёсны овог нэр нь Эдсон Арантис ду Насименту юм. Эцгийг нь Хуан Рамос ду Насименту, эхийг нь Селеста Арантис гэдэг. Испани, португал хэлтнүүдийн нэрэнд овог, эцгийн нэрнээс гадна эхийн нэр ордгоос ийм болжээ. Эдсон гэдэг нь Пелегийн жинхэнэ нэр бөгөөд эцэг эх нь хүүдээ Америкийн алдарт зохион бүтээгч Томас Эдисоны нэрийг хайрласан нь тэр байв. Гэхдээ и үсгийг нь хаяж Эдсон хэмээжээ. Багад нь түүнийг гэрийнхэн нь Дико гэдэг байв. Гэхдээ сургуульд орсон хойно нь хүүхдүүд түүнд өөр нэр өгсөн нь Рио де Жанейро хотын “Васко да Гама” багийн хөлбөмбөгчдөөс түүний хамгийн дуртай нь болох хаалгач Билегийн (Bilé) нэр байв. Биле гэдэг нэр сунжраад Пеле болжээ. Энэ нэр тэр хөлбөмбөгчний л нэр болохоос биш ямар утгатайг нь огт мэддэггүй байснаа Пеле дурсамж номдоо өгүүлсэн бий.