images

“Гоёхон чимэг юм уу даа”


Монгол улсын алдарт уяач Жамцын Цэдэнсамбуу гуай "Гоёхон чимэг юм уу даа" дуу бүтсэн түүхийг ийн хуучилжээ.

     1950-иад оны эхээр юмсан. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн наадам үзэж байв. Тэр наадмын их насны уралдаанд Бүрэн сумын уяач Я.Лхан-Аажавын “ногоон морь” гэж алдаршсан цагаан духтай, хонин шаргал нүдтэй хар бор морь тасархай түрүүлж ирээд хажуугаар салхи татуулан өнгөрөхөд өөрийн эрхгүй нулимс гарав. Тэгэхэд хамгийн түрүүнд “Аав минь эсэргүү хэргээр цаазлуулаагүй бол би ийм морьтой байх байсан” гэж бодогдож байлаа. Тэр мөчөөс эхлэн морь уяхаар шийдэв. Тэр жилдээ Саран начингийн хээр морийг худалдаж авав. Намар оройхон Дэлгэр мөрөн хөвөөлж эм зайр гүйх үеэр адуугаа голд шахаж хоёр гурав умбуулаад авлаа. Ингэсэн байхад адуу өвчин эмгэгт өртөх нь бага байдаг. Дэлгэр зун ирж хурдан морьдоо барилаа.

     1954 он юмсан. Хээр морио бас нэг бор морьтой бариад уячихлаа. Тэр жил Алаг-Эрдэнэ сумын наадамд хээр морио түрүүлгэж бор морио айрагдуулав. Сайхан наадам гэдгийг тэгэхэд нэг үзсэн дээ. Улсын арслан “хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн, түүний ах улсын начин Ө.Шаравжамц, миний ах соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраа нар тусгай гэр бариулчихсан айраг цагаа бялхалзуулан гурав хоног найрлав. Чүлтэмсүрэн арслан морь сайн уядаг хурдан морьтой хүн байлаа. Ах дүү хоёр бөх, Бадраа нар гэрийн хоймор эзлэн “Өвгөн шувуу хоёр”, “Түмний эх” зэрэг дууг мөн ч сайхан дуулна. Нутгийн хөгшид “Ийм сайхан хүмүүс, ийм сайхан дуу” гээд уяран хайлж байлаа. Ж.Бадраа ах маань жил бүр наадмаар амралтаа аваад манайд ирнэ. Моринд их дуртай. Тэгэхэд эхнэртэйгээ хоёулаа ирсэн байсан юм. Гэтэл тэднийг нутгийн айл урилаа. Хоёул шинэ хөх үйтэн хуаран дээлтэй байв. Бэргэн эгч Х.Бадарч миний жороо хээр морийг унаж явлаа. Урт нарийхан чихтэй, уран гоё толгойтой сайхан жороо морь байв. Яг ингэж явахдаа ах маань “Гоёхон чимэг юм уу даа” гэдэг дуугаа зохиосон юм. Соёглонхон жороолсон, Согоо чихтэй үүлэн хээр, Солонгоронхон туяарсан, Сонин хээтэй үйтэн хуар гэдэг үгтэй дуу ингэж төрсөн түүхтэй.

Шарын Ганхуяг “Эрдэнийн хүлэг оршвой” номоос.

Зураг дээр СГЗ Ж.Бадраа эхнэр Х.Бадарчийн хамт.