images

Хюго Даммет


     Оюутолгойн нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршино. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Гүний орд нь гурван том хүдрийн биетээс бүрддэг бөгөөд үүний хамгийн томыг нь Хюго Дамметтын бүс гэж нэрлэдэг байна. Тэгвэл Хюго Даммет гэдэг нь бодит хүний нэр. 1940 онд ӨАБНУ-д төрсөн Х.Даммет дэлхийн томоохон уул уурхайн компаниудад ажиллаж өндөр үнэ цэн бүхий хэд хэдэн орд газрыг нээсэн бөгөөд 2001 онд “Ivanhoe Mines компанид ажиллаж байхдаа Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг, дэлхийн хэмжээнд томд орох алт, зэсийн өндөр агууламжтай порфирын нөөцийг илрүүлсэн юм. Энэ нь газрын дор 222 метрийн гүнээс эхлэн үргэлжлэх, 638 метр зузаантай эрдэсжилтийн бүс байв. Судалгааны үр дүнд Оюу толгойн уурхайн ашиг орлого олох нөөцийн ихэнхийг агуулсан хамгийн ирээдүйтэй бүс энэ болох нь тогтоогдсон юм. Хюго Даммет энэ нээлтийг хийснийхээ дараа жил буюу 2002 онд автомашины ослоор нас барсан бөгөөд нээсэн ордыг нь түүний нэрээр нэрлэсэн нь энэ ажээ. Хюго Дамметийн гэр бүл, найз нөхөд хожим Монголд ирж уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцсан түүхтэй.