images

“Жаргалтай явна хоёулаа"


Хөгжмийн зохиолч О.Эрдэнийн ая, М.Цэрэнтогтохын шүлэг “Жаргалтай явна хоёулаа” дууны түүхийг хүргэж байна.

     Хөгжмийн зохиолч О.Эрдэнийн аялгуугаа эхэлж зохиосон цөөн дууны нэг нь “Жаргалтай явна хоёулаа” дуу ажээ. Тэрбээр “Гангараа”, “Миний ээж хөөрхөн”, “Нандин” зэрэг олны хүртээл болсон дуунуудын хөгжмийг хийж байсан юм.

     Нэг шөнө түүний дунд охин нь халуурч, уйлаад ер болдоггүй гэнэ. Нойрмоглон тэрээр эхнэртэйгээ ээлжилж бүүвэйлэн эм тан болж, лаагаар ширгэж байтал үүрийн дөрвөн цаг хүргэсэн аж. Сая нэг юм уужирч, өөрсдөө амрах гэсэнд аль хэдийн нойр нь хулжчихсан байжээ. Сэрвэлзсээр унтаж чадахгүй байтал толгойнд нэг ая буугаад, аманд нь аялагдаж байж. Мартагдахаас нь өмнө гээд шалавлан босож цахилгаан төгөлдөр хуураа асаан, өнөө аялгуугаа таван минутын дотор тоглоод хадгалчхав гэнэ. Тэрбээр санаа нь амарч эргээд унтаад өгчээ.  Хэсэг амарч босож ирээд сэрэнгүүтээ  дахин нөгөө аяа сонстол нэг л морины тухай дууны ая ч юм шиг санагдаж. Ямартай ч үг хийлгээд үзье гээд яруу найрагч М.Цэрэнтогтоход хандахад төд удалгүй “Сумынхаа наадамд хоёулаа” нэртэйгээр шүлэг бичээд ирүүлжээ. Шууд л дуулуулах дуучнаа сэтгэж Э.Төрмандахад дуугаа өгтөл хэдхэн дуулаад л өнгө, нугалаа зэргийг нь тааруулж, өөрийн болгочхож. Дахилтын хоёр мөрийг нь л өөрчлөхөөр гурван өдөр бодсоны эцэст

... Ханийн хорвоог уянгаар хөглөөд

Хайрын харцаар биесээ гоёод хоёулаа хамт жаргалтай явна аа ... гээд бичсэн нь  бүгдийн сэтгэлд нийцэж, дуу бүтжээ.