images

“Миний аав адуучин хүн”


Амин хайртай миний аав

Адууныхаа бэлчээрт дуулдаг байсан

Бага наснаас чихэнд хоногшсон 

Баргил хоолойтой дуучин хүн байсан

      Миний аав адуучин хүн 

     Миний аав дуучин хүн... хэмээх дууг мэдэхгүй монгол хүн цөөхөн. Харин хаанахын хэн шүлгийг бичиж, аяыг нь хийснийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ дууны шүлгийг Монгол улсын тэргүүлэх геологич Ө.Жамъяндорж 1968 онд бичжээ. Тэрбээр яруу найрагт дуртай, сэтгүүлч болох мөрөөдөлтэй нэгэн байж. Гэвч 1963 онд Их сургуулийн сэтгүүлчийн анги шинэ элсэлт аваагүй тул геологичийн мэргэжил эзэмшсэн гэнэ. Бичиж туурвих мэргэжил сонгоогүй ч тэр 500 гаруй шүлэг бичиж, хориодыг нь сонинд нийтлүүлсэн байна. Түүний нэг нь “Залуучуудын үнэн”сонины 1968 оны 1 дүгээр сарын 21-ний  өдрийн дугаарт хэвлэгдсэн “Миний аав адуучин“ шүлэг гэнэ. Ө.Жамъяндорж агсныг амьд ахуйд Ч.Хандсүрэн түүнтэй уулзаж уг шүлгийнх нь талаар асууж ярилцсан байна. Тэрээр шүлгээ зөвхөн аавдаа зориулж, тэртээ 50 гаруй жилийн өмнө бичиж байснаа хуваалцжээ. Харин түүний энэ шүлгийг сониноос олж харсан нэгэн ая хийж дуу болгосон бололтой. Энэ талаар “1970 онд гэртээ байж байтал радиогоор хоёр охин энэ дууг дуулж байна аа. Яах аргагүй миний шүлэг мөн дөө. Тэгээд сураглавал, Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин Цоггэрэл гэдэг хүн аяыг нь зохиосон байна. Тэр хүнийг олж уулзахаар сураглавал энэ дууны аяыг зохиосноос хойш удалгүй нас барсан тухай сураг гарлаа. Радиогоор дуулсан охидын бичлэгийг хөгжим судлаач Буянхишигтэй уулзаж радиогийн фондоос хайлгасан боловч гарч ирээгүй. Энэ дууг олон түмэн ардын дуу шиг дуулдагт баярладаг даа” хэмээн хуучилжээ. Түүний охин аавдаа энэ дууны зохиогчийн эрхийг авч өгөхөөр хөөцөлдсөн ч 1990 оноос өмнөх бүтээлд эрх өгөхгүй гэсэн байна. Дууг Г.Сарангэрэл, Г.Сарантуяа гэх эгч дүү охид, дуучин Б.Энхбаяр, Т.Нарсар, С.Батсүх гэх мэтээр олон дуучин дуулсан. Тэр бүү хэл гаднын охид залуус дурлан сонсож, дуулсан бичлэг олны анхаарлыг их татаж байлаа.

 Дууны шүлгийг зохиогч Ө.Жамъяндорж агсан долоо хоногийн өмнө тэнгэрт дэвшжээ. Бурхны орондоо амгалан нойрсох болтугай.