images

“Толин хул”


     Г.Батхүүгийн үг, Д.Чулуунбатын үг “Толин хул” дуу хэрхэн бүтсэн талаар шүлгийг нь зохиосон УИХ-ын гишүүн, улс төрч, төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү амьд сэрүүндээ хуучилж байсныг сийрүүлэхэд ийм байна.

   “Би 1995 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Дамдинжаваас хул азаргыг нь худалдаж авсан юм. Хул азарга дараа жил нь улсын наадамд түрүүлэв. Түүний дараа улсын наадамд хоёр айрагдаж “Их хурд”-ад мөн нэг айрагдсан. Над шиг хурдан моринд дуртай хүнд хул азарга маань шүтээн л гэсэн үг. 2001 онд "Толин хул” дууныхаа шүлгийг цаасан дээр ноороглочихоод утсаар ярьж суутал “Харанга”-ын Чука орж ирэв. Тэгснээ нөгөө шүлгийг маань хараад “Үүнийг чинь үзчих үү?” гэхээр нь “Тэг тэг” л гэсэн. Үзсэнээ “Надад энэ дууныхаа үгийг өгчих. Би ая хийж үзмээр байна” гэж байна. Надад ганцхан хувь байсан болохоор “Канондоод ав” гэлээ.

   Түүнээс хойш долоо хоногийн дараа Чука над руу залгаж “Манайд ирээд өдрийн цайгаа уучих. Хоол хийгээд байж байя” гэсэн. Тэгээд очтол “Ая хийчихлээ” гээд төгөлдөр хуур дээр тоглолоо. Түүнээс өмнө “Зурхай эргэнэ гэж юу гэж байгаа юм?” гэхээр нь би “Чи мэддэггүй юм уу?” гээд л тоглоом шоглоом хийж байсан юм. Ингээд ‘Толин хул”-ынхаа аяыг нь сонсч хэрхэн дуу болгох талаар ярилцсан юм. Гийнгоо ч юм уу хөөмий оруулбал зүгээр санагдаж байлаа. Хэнээр дуулуулахаа ч шийдэх боллоо. Лхагвасүрэнгээр дуулуулъя гэж бид хоёрын санаа нийлсэн дээ.

   Удалгүй би морио уяад хөдөө явчихсан. Харин долдугаар сарын таван, зургааны үеэр Чука залгаад дуу бүтсэн тухай дуулгасан даа. Би Бугын сангийн аж ахуйд морь уяж байсан юм. Тэгээд хот руу очиж СD дээр хуулсан дууг сонсоход үнэхээр гоё санагдсан. Тэгэхээр энэ дуу наадмын өмнө төрсөн гэсэн үг. Дуугаа морины хүүхдүүддээ ч сонсголоо. Тэгэхэд тэд хоёр, гурван удаа сонсоод л дуулж эхэлсэн дээ.    

   “Толин хул”-ыг морь унаж үзээгүй, адуу малаас хол өссөн хотын залуус хүртэл сонсох дуртай. Дуулах ч дуртай. Дуу өөрөө рок поп талдаа ч биш, ардын талынх ч биш. Аль аль талыг нь барьсан учир ямар ч давхаргын хүн сонирхдог дуу болсон гэж ойлгодог”.

Эх сурвалж: vip76.mn