images

“Ар цармын цэцэг”


     Дал наяад оны залуусын дунд хит болж байсан “Ар цармын цэцэг” хэмээх энэ дуу өдгөө ардын дуу болтлоо 50 гаруй жил дуулагдсан байна. Анх Хөгжмийн зохиолч Ц.Дашзэвэг, хүний их эмч Б.Дагданбазартай нэгэн соёлын арга хэмжээний үеэр танилцаж, уянгын дуу хамтарч хийх санал тавьснаар түүний хүсэлтийг ёсоор болгож, “Чамдаа” хэмээх дууны үгийг бичсэн аж. Тухайн үед Ц.Дашзэвэгийн аяар нэг хэсэг дуулагдаж байгаад нэр нь “Ар цармын цэцэг” болон өөрчлөгдөж, сүүлд З.Зундарийн аяар эгшиглэх болсон учиртай гэнэ. Энэ дууныхаа тухай Б.Дагданбазар доктор ийнхүү дурсжээ.

     Завхан аймгийн Яруу суманд эмнэлгийн эрхлэгчээр ажиллаад нэг жил болж байсан үе. Тэр үед сумын "ХЗЭ"-ийн үүрийн дарга өвчний учир ажлаасаа чөлөөлөгдөж, намын үүрийн дарга намайг давхар ажиллахыг үүрэг болгосон юм. Удаа ч үгүй байтал дахин өөр даргын ажлыг давхар хариуцуулав. Тэр үед манай сумын соёл урлагийн гурав хоногийг аймгийн төвд тэмдэглэхээр товлолоо. Аймгаас хөгжмийн зохиолч, яруу найрагч, бүжгийн багш гурван хүн ирж, биднийг зохион байгуулах ёстой байв. Урлаг, уран сайханд авьяастай иргэдийг цуглуулах ажил ч надад ноогдсон. Тэдний дунд нэрт хөгжмийн зохиолч Цэндийн Дашзэвэг, тухайн үеийн “Үнэн” сонины сурвалжлагч  яруу найрагч Д.Жамъян хоёр байсан юм. Тэд 14 хоногийн дотор хоёр дуу зохиож, гурван бүжиг зааж, бэлтгэл сургуулилтаа ёстой л гялалзуулсан даа. Нэг орой бид гурав хоол идэж суунгаа “Нэгдэлчдийн марш”, “Яруу нутаг” гэсэн хоёр дууныхаа санааг олоод, одоо нэг уянгын дуу хийнэ ээ, тэгэхдээ шүлгийг нь надаар бичүүлэхээр болцгоов. Би ч эхэндээ учраа мэдэхгүй мэгдэж үүрэг даалгавар авсан оройдоо шөнөжин сууж сараачсан өөрийн хэдэн мөртөө маргааш нь аваачиж үзүүлсэн. Дуу нь нэг л болж өгсөнгүй бололтой олигтой хариу хэлсэнгүй. Дахин нэг орой шамдан нухаж, хэсэг амраад цонхоор урд уулаа харж суутал сарны гэрэлд хачин гоё орчин үзэгдэв. Гэнэт ардын дууны “Ар цармын бялзуухай Амаа ангайгаад жиргээд байна…” гэдэг үг толгойнд нь бууж ирэв. Тэгээд үргэлжлүүлэн өөрийн дууны үгээ эргэцүүлж, “Ар цармын цэцгүүд нь Алаглаж ганхаад байна уу даа… гээд эхэлтэл Дашзэвэг гуайн хэлсэн “Чамд нэг сэтгэлтэй бүсгүй байгаа биз дээ түүнийгээ бодоод л бичээд ир” гэсэн үг сэтгэлд ургаж, улам л хөглөгдөж байна. Тухайн үедээ ч нууцхан харж, сэтгэлээ дэвтээдэг байсан хол нутгийн нэгэн бүсгүйн дүрийг сэтгэлдээ бодсоор “…Алс нутгийн чамдаа би Аргагүй дасаад байна уу даа гээд л бараг шөнө хагсартал сууж гурван бадаг шүлэг буулгасан юм. Өглөө зургаан цагт шүлгээ бариад буудалдаа гүйхээрээ ирээд Ц.Дашзэвэг гуайд үзүүлтэл, гүйлгэж хараад “Яруу найрагч хүн байна даа, нэг хараадах гээд Д.Жамъяндаа өгөв. Тэр хооронд Ц.Дашзэвэг гуай баян хуур хөгжмөө аваад тоглож үзээд нот бичиж эхлэв. Тэгээд дахин сайтар эргүүлж, гүйлгэж уншсанаа тэр ноорог хуудсан дээрээ “Цэндийн Дашзэвэг 1969 оны 11 сарын 14”  гэж бичээд надад өгсөн юм” гэжээ.