images

“Амьдрал”


     Монголын рок поп хөгжмийн томоохон төлөөлөл Харанга хамтлаг 1989 оны эхээр байгуулагджээ. Тэд 1987 онд анх ардын армид татагдаж, "Соёмбо" хамтлагт хамт тоглох болсноор биесээ мэддэг болсон аж. Багагүй хугацаанд дуу, хөгжмийн салбарын ахан дүүс явсан тэд цэргээс халагдах жилдээ Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулжээ. Хамтлагийн ажлаа жигдрүүлж, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинэ 12 дуутай тоглолт хийхээр төлөвлөжээ. Тухайн жилийнхээ 10 сарын 26-нд "Амьдрал" нэртэй тоглолт хийх гэж байгаагаа фенүүддээ дуулгасан аж. “Амьдрал” хэмээх нь хамтлагийн анхны дуунуудын нэг бөгөөд хамтлагийн ахлагч Ц. Энхманлай зохиосон байна.

     Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дуу бүтээсэн түүхээ ингэж ярьжээ. “Хамтлагаа дөнгөж байгуулаад, тоглолтынхоо бэлтгэлийг хийж байлаа. Тэр үед хөгжмийн зохиолч З.Хангал гуай, “Та нарт нэг сайхан дуу хийж өгнө өө” гээд л амлалт өгсөн юм. Бэлтгэл ч ид дундаа орж, нөгөө дуу ирэх болов уу гээд л хүлээгээд, хамтлагаараа ярилцаж байтал сураг чимээгүй. Тэгэхээр нь гэнэтхэн “Ер нь өөрөө хийгээд үзье” гэсэн бодол төрж, хэдэн өдрийн турш оролдтол гараас юм гардаггүй. Тэгтэл нэг шөнө хоёр цагийн орчимд гэнэт сэрээд, үгийг нь цаасан дээр бичиж гарсан. Дуусаад цаг харахад үүрийн дөрвөн  цаг, би ч бичсэн дууны үгээ ширээн дээрээ үлдээгээд буцаад хэвтсэн. Маргааш нь хамтлагийнхаа Я.Одсүрэнд  “Чи нэг ая хийгээдэх” гээд тэр үгээ өгчихсөн юм. Оогий ч аяа хийх гэж бүтэн сар  үзсэн байх. Гэтэл нэг өдөр би өөр дууны ая аялуулаад сууж байтал Я.Одсүрэн гаднаас орж ирээд сонссоноо “Аяа хийчихсэн л байна шүү дээ. Энэ үгээ ав” гэдэг юм. Тэгээд энэ аян дээр өнөөх үгээ холбоод үзтэл ямар ч засах шаардлага гараагүй” гэжээ.