images

“Сая сая улаан сарнай”


     Оросын дуучин Алла Пугачёвагийн дуунуудаас монголчуудын хамгийн сайн мэдэх энэ дууг Зөвлөлт Латвийн хөгжмийн зохиолч Раймонд Паулс зохиожээ. Гэхдээ анх дуулсан хүн нь Латвийн дуучин Айя Кукуле бөгөөд 1981 онд “Микрофон” хэмээх хөгжмийн наадамд дуулж түрүүлснээр энэ дуу олны хүртээл болсон байна. Мөн Лариса Мондрус хэмээх дуучин уул латви хэлээр нь дуулдаг байв. Пянзанд огт ороогүй байсан энэ дууг Мондрус 1984 онд Германд цагаачилж очсон хойноо бичүүлж пянз гаргасан нь тэндхийн латви цагаачдын дунд, мөн Латви улсдаа дэлгэрүүлэх зорилготой байжээ. Ээж нь охиндоо амьдрал бэлэглэсэн боловч аз жаргал бэлэглэхээ мартсан, тэр тухайгаа охиндоо ярьж буй, улмаар охин нь том болсон хойноо охиндоо ярьж байгаа тухай өгүүлдэг дуу юм.

     Алдартай яруу найрагч А.Вознесенский энэ дуунд шинээр үг хийснээр “Сая сая улаан сарнай” нэртэй болжээ. Гүржийн алдарт зураач Нико Пиросмани Францын жүжигчин Маргарита дө Сэврт ухаангүй дурласан боловч сэтгэлийг нь олж чадахгүй явсаар нэг өдөр, буусан зочид буудлыг нь сарнай цэцгээр дүүргэдэг тухай үгтэй энэ дууг 1983 онд А.Пугачёва дуулснаар орон даяар алдаршив. Сонирхолтой нь дуучин өөрөө энэ дуунд, тэр тусмаа шүлгэнд нь маш дургүй байсан гэдэг. “Ямар юмны чинь сая улаан сарнай! хэмээн Вознесенскийтэй муудалцаж, чи бидээ хүрч байсан тухай хөгжмийн зохиолч Паулс дурссан бий. Радиогоор энэ дууг нэвтрүүлэхээр унтраачихдаг байсан бөгөөд “Энэ дуунд би улам дургүй болохын хэрээр олны дунд энэ дуу улам алдаршиж байлаа” хэмээн Пугачёва хожим нь ярьсан байдаг. Тэрбээр анх 1983 оны 1 дүгээр сарын 2-нд Зөвлөлтийн телевизийн шинэ жилийн “Аттракцион” хөтөлбөрөөр энэ дууг дуулсан бөгөөд тэр жилээ гаргасан пянз нь 6 сая хувь борлогджээ.

     Хилийн чанадад энэ дуу мөн ихээхэн алдаршсан юм. Тэр дундаа Японд их түгсэн учир нь 1984 онд тус улсад Пугачёвагийн альбомыг гаргахаар болж, наана нь нэг дуугаар нь сингл гаргахаар тохирсонд “Сая сая улаан сарнай” дууг сонгожээ. Дуу япончуудад маш ихээр таалагдсан тул Японы хэд хэдэн алдартай дуучны урын санд орсон юм. Энэ дуу англи, солонгос, иврит, фин, вьетнам, швед, мажар зэрэг олон хэлээр орчуулагдсан бөгөөд Пугачёваг судалдаг А.Беляковын бичсэнээр бол гадаад хэлээр гарсан кавер хувилбарын тоо нь 100 давсан гэнэ.