images

“Угтагчийн дуу”


Хөгжим судлаач Р.Энхбазарын үг ая, “Угтагчийн дуу” бүтсэн түүхээ нэгэн хэвлэлд ингэж  хуваалцсаныг сийрүүлэн хүргэж байна.

     Улс хувьсгалын 60 жилийн ой,  Монгол хүн сансарт ниссэн баярт үйл явдал давхацсан нэгэн үед  дууны уралдаан зарлажээ. Тус уралдаанд гуч гаруй дуу ирүүлж, уран бүтээлчид ур чадвараа уралдуулсан аж. Тухайн үед Хөгжим судлаач Р.Энхбазар Монголын радиогийн Хөгжмийн редакцын редактор байжээ. Тэрбээр Ж.Гүррагчааг сансарт ниссэнтэй холбоотой гурван дуу зохиож, уралдаанд оролцсоны нэг нь "Угтагчийн дуу" байв. Дуугаа уралдаанд илгээчхээд томилолтоор яваад иртэл, дуу нь нэгдүгээр байранд орчихсон байжээ. Мөн түүний "Од болон зүрхэнд хоногшлоо" дуу нь хүртэл тусгай шагнал хүртсэн байна.

    Мөн сансрын нисгэгч Ж.Гүррагчааг газардахаас хоёр, гуравхан хоногийн өмнө Радио хорооны захиалгаар "Ээжийн хоёр хүү" гэдэг дуунд ая хийжээ. Тэр үед Радио хорооны даргаар Мятав ажиллаж байгаад, Сандуйжав гэх хүнд  энэ дууны санааг хэлсэн аж. Түүний хувьд ч радиогийн Хөгжмийн редакцад байгаагын хэргийг гаргаж дуугаа зохиогоод дор бүрд  нь тэндээ бичүүлчихдэг байв. Тухайн үед радиогийн хөгжмийн редакцынхан Ж.Гүррагчааг онгоцноос буухад ямар хөгжим тавих вэ хэмээн ярилцаж, бэлтгэлээ хангаж байжээ. Нэг орой хөгжим судлаач  Р.Энхбазар гуай гэртээ сууж байгаад "Гүррагчаа, Жаннибеков хоёрыг онгоцноос буугаад ирэнгүүт хамгийн түрүүнд хүүхдүүд цэцэг бариад угтана, улаан зангиа хүзүүнд нь зүүж өгөх тэр агшинд цэргийн марш дуугаргах уу яах вэ" гэж бодсон аж.  Яг тэр үед "Сансарын нисгэгч ахаа, сайн яваад ирэв үү" гэсэн үг толгойд нь шууд буугаад ирсэн байна. Хүүхдүүд сансрын нисгэгчдийг угтаж очихдоо ингэж л хэлэх байх гэж бодох үед орж ирсэн үгээ маргааш нь ажил дээрээ очоод шууд л хэлжээ.

     Тухайн үед нисгэгчийг хүлээж авахад бэлдэж байсан "Улаан бүч" чуулгын багш Буянхишиг "Энэ дууг сургууль хийлгээд бичүүлээдэх үү, Мятав даргад нэг сонсгоё" гээд дагуулаад оржээ. Төд удалгүй дарга нь ч уриалгахан зөвшөөрч, "Зөв санаа байна, сансрын нисгэгчээ онгоцноос буухад нь марш дуугаргаснаас хүүхдийн дуутай угтвал зүгээр шүү" гэж.  Цаг нь ч тулсан учир оркестр хийж амжилгүй, цэцэг барьсан хүүхдүүд сансрын нисгэгчийг угтах үед энэ дуу эгшиглэсэн нь ийм түүхтэй юм.