images

Хувьхан заяандаа гомдолгүй


Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайн дурсамж

   Сортоотой зарим буриад жаахан уярахдаа юм уу агсамнах дур хүрсэн үедээ “Хувьхан заяандаа гомдоно үгүй дээ” гээд ханхар хавчгар хамаагүй цээжээ сэгсэрвэл юм үзүүлэх гэж байгаа нь тэр. Мянга есөн зуун тавиад оны сүүлхнээр юмсан. Би хий судлалын больницоос Эрүүлийг хамгаалах яаманд шилжиж ирээд “Эрүүл мэнд” сэтгүүл эрхлэн гаргаж байв. Манайх гэдэг айл Эмнэлэг гэгээрлийн ордны хашаанд нэгэн ханхай бор гэрт сууна. Нийслэлийн гуравдугаар дунд сургууль баруун гудамжинд, Нямдорж тэр сургуулийн наймдугаар ангид байсан байх. Тэр үед би Гайтав, Явуухулан нартайгаа бараг л зэрэгцэх санаатай. “Тал нутгаар явахдаа” шүлгийн түүвэр хэвлүүлсэн байв. Нямдорж байсхийгээд л манайхаар ирж шүлгээ уншина. Биенээсээ томоор дуугарах гээд байдаг шөвгөрхөн шар хөвгүүн тэрбээр яавч авьяастай болохыг мэдэж ядах юм байсангүй. Залуучуудын болоод утга зохиолын сонин сэтгүүлд анхны шүлгүүд нь ч хэвлэгдлээ. Чингээд Нямдорж дунд сургуулиа дүүргэж Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар одов. Тэнд буриадын цуутай найрагч Өлзийтийн Дондогтой найзалж явсан юмдаг. Тэнд таван жил суралцаад шүлэг, архи хоёрт гүн орчихсон галтайхан эр буцаж ирлээ. Тэгээд л Монголын яруу найргийн магнайд гарсан цөөхөн хүний нэг болох түүний “хувьхан заяат” харгуй зам зурайж эхэлсэн юм. Энэхэн амьдралд яруу найргаас өөр юу ч мэдэхгүй, өөр юу хэрэггүй хүн бол чухам л Нямдорж байлаа. Тэр эхнэр авч гэрлэхдээ ч, улаан цурвыг төрүүлж өсгөхдөө ч, хатуу сахилга бат гэгчийг шаарддаг асан үед манаач, ачигч зэрэг хар бор ажлаар нугалан хүмүүжүүлэх гэсэн дарга нарт дарлуулж явахдаа ч гэр бүлийн ч биш, улсын ч биш ердөө л “яруу найргийн албаны” хүний хэтийдсэн эрх чөлөөт байдлаар амьдрахаас өөрөөр байж чадсангүй.

   Жараад оны дундуур Нямдоржийнх барааны төв захаас зүүнтэйхэн Зохиолчдын хорооны аж ахуйн хашаан дахь урт хүрэн байшингийн нэг багахан тасалгаанд сууж байв. Тэр хүрэн дүнзэн байшин бол гучаад оны эхээр Судар бичгийн хүрээлэн байрлаж, Д.Нацагдоржийн ажиллаж асан орон бөгөөд Зохиолчдын хороо түүнийг өвлөн аваад нэгдүгээр дунд сургуулийн араас тийш нь зөөж тавиад ажилчдынхаа сууц болгосон юм. Тэр зун манай байшин засварт орох болж түр хоргодох байр хэрэгтэй болов. Зохиолчдын хорооныхон, Нямдоржийн эхнэр хүүхдээ аваад нутагтаа явчихсан, өөрөө хувцас хунараа аваад хажуугийн айлдаа түлхүүрээ хадгалуулаад алга болчихсон, хоёр авдар ном, нэг хоосон шүүгээнээс өөр юм байхгүй гэсэн, нэгэнд нь орвол ор гэлээ. Бид ор дэвсгэрээ авч очиж мөнөөх хоёр авдар ном, шүүгээ, тогоо шанага зэргийг нь байшингийн хонгилд хураагаад оров. Сар илүү өнгөрөөд байтал нэг өдөр Нямдорж ирж өнөөх шүүгээ бусад энэ тэр юмсаа хажуугийн айлуудад тав арван төгрөгөөр зарж, хоёр авдар номоо манайд хадгалуулаад алга болов.

   Хожим би Эрдэнэтэд төвхнөөд байхад нь гийчлэн дайлуулж билээ. Хүүхдүүд нь өсч торнисон, нас дээрхэн гарсан аав, ээж хоёр нь өргүүлэхээр оччихсон, ундтай устай өнөр сайхан айл байлаа. Манай нутгаас гарсан чадалтай, нэртэй сэхээтнүүдийн нэг Эрдэнэт хотын дарга С.Цэвээн Нямдоржийг аваачиж тэтгэн, ажилтай, байртай болгосон юм. Сүүлд Улаанбаатарт ирж мөн төвхнөлөө. Төрийн шагнал ч хүртлээ. Гэвч түүний гал дөл бадарсан жилүүд нэгэнт ард хоцорсныг яалтай билээ. Ясны яруу найрагчид богинохон ч настай байдаг даа.

   Сүүлчийн уулзалтаараа бид хоёр унших ном ховордсон тухай, жар, далаад онд Оросоос ямар сайхан ном ирж, ямар хямдханаар олддог асан тухай, Өлзийтийн Дондогийн тухай дурсан ярьсан сан. Хаврын дулаахан тогтуун өдөр байлаа. Би нутгийн өнгөр баавай болохоо гэнэт санаж “Биеэ бод” хэмээн сургамжлахад Нямбуугийн хөвүүн “Шүлэг, архи хоёроо бодсоор яваад биеэ бодох зав гарна үгүй. Унах өдөр холгүй л юм шиг санагдах боллоо. Одоо яана гэх вэ. Манайхны хэлдгээр ёстой хувьхан заяандаа гомдолгүй дээ” гээд бурхны нүд шиг номхон ухаалаг нүдээ онийлгон мишилзэж билээ.

Эх сурвалж: “Цэгц аравт” нэгдэлийн фэйсбүүк хуудас. 2023.20.8