images

С.Удвал гуайн удам гарлын тухайд


Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг дарга асан Г.Бадамсүрэн

   "Би анх 1990 оны хавар “Соёл” сэтгүүлд С.Идшинноров, Г.Цэрэндорж нарын бичсэн “Хуурчийн хувь заяа” нийтлэлийг олж уншаад ихэд олзуурхан тэмдэглэлийн дэвтэртээ хуулж авсан юм. Учир нь хадам эцэг Хандын Пүрэвсүрэн нь Түдэв хуурчийн эцэг Үйзэн гүн Дондогийн зээ хүү нь болох юм. Бяцхан түүх өгүүлбэл:

   Нутгийнхны ярьдагаар Дон бэйс анхны хатан Зандраагаа одоогийн Өвөрхангай аймгийн Нарийн тээл орчмоос авчирсан. Хатныг дагаж 10 айл ирсний заримынх нь үр сад нь манай сумын Лах багт амьдарч байна. Дон бэйс ноёны Зандраа хатнаас таван охин төрсөн. Хүү гарахгүй болохоор өөрийн хошууны албат туранхай Цэндийн охин Цогтдарийг хатнаа болгож авсан. Зандраа хатнаа Гончигжанцан гэдэг донир ламдаа өгсөн. Хатан гэдсэндээ хүүхэдтэй очсон. Хүү гарвал гүн ноён авна гэсэн боловч охин гарсан. Тэр нь Рэнцэнханд, олонд нэршсэнээр том Ханд. Дээр дурдсан Пүрэвсүрэнгийн төрсөн эх нь болно. Харин Түдэв хуурчийн эх нь нөгөө олонд алдартай “Дунд голын ногоо” дуунд мөнхөрсөн Дунжидмаагийн охин Цогтдарь хатан юм. Түдэв гүний хүрээ нүүдэллэж явсаар Манжийн хаан Тэнгэрийг тэтгэсэний дөчин дөрөвдүгээр он буюу 1779 онд одоогийн Дашинчилэн сумын Лах багийн нутаг Найдаг уулын өвөрт суурьшсан. Хятад шинжээч газрыг нь шинжиж үзээд хошуу нь ядуувтар, лам нар нь эрдэм чадалтай, хүүхнүүд нь уран байх юм гэсэн гэдэг. Үнэндээ яг л ийм байсан нь сонирхолтой юм.

   Үйзэн гүний хошуу 1 сум хүрэхгүй өрхтэй жижиг хошуу байсан боловч түүнийг захирч байсан Засаг ноёдоос аймгийн чуулганы дарга, аймгийн чуулганы дэд даргаар цөөнгүй хүн сонгогдон ажиллаж байсныг бодоход тэд эрдэм мэдлэг, чадвар өндөр хүмүүс байжээ. Түдэв хуурчтай холбоотой баримт мэдээлэл цуглуулж явах явцад Удвал гуай Түдэв гүнтэй ойр төрлийн хамаатан болох нь ажиглагдсан юм. 1991 оны 7 дугаар сарын 3-нд манай суманд Халхын Цогт хунтайжийн мэндэлсний 410 жилийн ой, Дуутын хадны шүлэг зохиогдсоны 370 жилийн ойн яруу найргийн баяр болж С.Удвал гуай олон зохиолч яруу найрагчдын хамт хүрэлцэн ирж оролцсон юм. Энэхүү баярын завсар чөлөөнд С.Удвал гуайтай уулзаж, Түдэв гүний талаар олж мэдсэнээ сонирхуулж ярихад тэрбээр гүн ноёны ойрын хамаатан гэдгээ хэлээд “Намайг өнчин ядуу гэдгээр монголын ард түмэн мэднэ. Одоо гэнэтхэн ноёны садан төрөл байсан гээд яриад эхлэвэл юу болох вэ. Чи хот орвол надтай уулзаарай гээд шинэхэн хэвлэгдсэн “Эрдэнэ мину зээ” хэмээх номын хавтас дээр дурсгалын үг бичиж өгсөн. Тэр үед С.Удвал гуайн бие их чилээрхүү ядруу царайтай явж байсан учир олон юм асууж түвдээгүй. Дараахан нь нас нөгчсөн тул уулзаж амжаагүй харамсалтай юм болсон. Гэхдээ тэр үед нутгийн юм мэдэх олон хөгшид амьд сэрүүн байсан болохоор тэдгээр буурлуудаас багагүй зүйлийг олж мэдэж авсан болно. Ингэж явах үед С.Удвал гуайн удам судартай холбоотой бодит баримт дутагдаж байсны дээр ганц нэг эргэлзээтэй зүйлс гарч байсан. Тухайлбал “Дунд голын ногоо” дууны эзэн нь Лхагвасүрэн жанжны гэргий Дашцэдэн гэж хэвлэлд бичсэн байх жишээтэй. Харин 2011 онд Удвал гуайн 90 насны ойд зориулж Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны эмхэтгэж гаргасан “Цагийг эзлэсэн хатагтай” номонд С.Удвал гуайн 1981 оны гуравдугаар сарын 7-ны өдөр өөрийн гараар бичсэн 3 үеийн намтар нь хэвлэгдсэнийг олж үзээд түүнийг яах аргагүй Түдэв хуурчийн ойрын хамаатан юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Түүний намтартаа бичсэн болон нутгийн хөгшдийн дурсаж ярьсан байдлаас үзэхэд С.Удвал гуайн өвөг эцэг, эмэг эх цөм ядуу малчин ардууд байжээ.

   Төрсөн эцэг Чоймболын аав Цэнд, эх Дунж, эх Цэдэнгийн аав Гүндэв, эх Сэрээнэн нар одоогийн Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг суманд нутаглаж байжээ. Эцэг Чоймбол нь хувьсгалаас өмнө хошуу тамгын газарт бичээч, хувьсгалын дараа Богд хан уулын аймгийн яаманд бичээч, дараа нь Хоршоо, улсын хэвлэх газарт ажиллаж байсан байна. Эмэг эх Дунж нь 108 ч юм уу 115 ч юм уу урт насалж маршал Чойбалсангаас бэлэг авч байсан, өвөг эцэг Цэнд нь Чагтай харуулд хөөгдөж байгаад нас барсан тухай намтартаа өгүүлсэн байна. Үүнийг нутгийн хөгшдийн дурсамж яриатай харьцуулбал,

   1.Түдэв гүн ноёны аягач явсан Уламбаяр гуайн ач хүү аймгийн арслан, шүлэг яруу найраг бичдэг У.Чойдог ийн хуучилсан юм. Энэ яриаг эмээ маань надад ярьж өгсөн. Түдэв гүн 17 настай байхдаа анхны хатан Ишдоржоо Хүй мандал хавиас авчирсан. Хатан 12 настай надтай чацуу, хүүхэд байсан болохоор юм мэдэхгүй тоглодог байсан. Цогтдарь хатны ээж Дунж гуай манай эндэхийн хүн. Дээр үед манай эндэхийн хүмүүс Хараа, Ерөө рүү тарианы ажилд явдаг, хүрээ орж сааль сүүгээ борлуулдаг байсан. Дунж гуай охиныхоо хамт жижиг гэрээр хүрээ орж Дунд гол орчмоор зусч ямаа саадаг байсан. Нэг удаа Дон бэйс Дунж гуайнд буугаад мордохдоо эргэн эргэн хараад явж гэнэ. Ноён маань яагаад эргэж хараад байгаа юм бодсон чинь Дон бэйс ямаа сааж байсан охиныг нь харсан юм санж. Дараа нь нэг их удалгүй Богдод айлтгаад хатнаа болгож авсан гэдэг. Цогтдарь хатан үнэхээр гоё хүн байсан. Шөнө дэн бариагүй байхад дун бүрээтэй харьцуулж үзэхэд хатан илүү цагаан байсан гэсэн. С.Удвал гуайн эцэг Чоймбол бичээч гэдэг хүн энэхүү Цогтдарь хатантай ойр төрийн хүн байсан тухай Уламбаяр гуай хуучилж байсан байна.

   2. Чоймбол гуайтай цуг аймгийн яаманд бичээчээр ажиллаж байсан Баавай хэмээх Балжинням гуай хуучилсан нь: Түдэв гүний ээж Цогтдарь хатан бол Хөгнийн /Гурванбулаг/ өврөөр нутагладаг байсан туранхай Цэндийн эхнэр Дунжидмаагаас гарсан үзэсгэлэнтэй сайхан бүсгүй юм. Долоо хошуу наадамд очиход нь наадамчид бүчээд явуулдаггүй байсан юм гэнэ лээ.

   3. Дон бэйсийн ууган охин Дарьсүрэн гуайн том хүү Цогбадрахтай ханилж байсан өндөр настан Д.Нанзадсүрэн гуайн яриа. Жаран хавиас Сэрээнэн, Содном гэдэг 2 хүүхэн ирсэн. Сэрээнэнгээс нь Удвалын эх Цэдэн, Содномоос нь улсын аварга малчин Бат гуай гарсан. Батын хүү нь Дансран /одоо Дашинчилэн суманд амьдарч байгаа/. Манайхантай шуудуун толгойнд нилээн хугацаанд айл саахалт байсан Удвалын эцэг Чоймбол бичээч Цогтдарь хатны ах байсан учир ноёны ойр ажилладаг байсан байх. Чоймбол гуай зүүн тийш /Лүн/ нүүхдээ Удвалын дүү Умаандивааг Дарьсүрэн гуай дээр үлдээгээд явсан. Сэрээнэн гуай нүүхдээ Арцатыг даваад Аргалыг уруудаад ирсэн одоо хамхуул дагаад хаа очиж үхэх юм бол гэж хэлж байсан даа.

   4. Дон бэйсийн зээ хүү Х.Пүрэвсүрэнгийн яриа. Намайг 10 орчим настай байхад миний эмэг эх Зандраа хатан 60 гаруй настай хүн байсан. Нутгийн хөгшчүүл манай ээж Хандыг Дон бэйс ноёнтой их адилхан гэж ярьдаг байсан. Цагаан шаргал царайтай биеэр жижиг хүн байсан. Дон бэйс хуучин хатан Зандраагаа хуриманд урьж 2 хиагаа мөнгөн эмээл хазаартай жороо морь хөтлүүлэн очуулахад Зандраа хатан би ядуу тарвагачны охин хуриманд очихгүй гээд буцааж байсан юм гэнэ лээ. Дон бэйсийн охин Норжинцэнд эмээ С.Удвал гуайнд байж хүүхдүүдийг нь хардаг байсан. Чоймбол гуайтай хамаатан байсан байх. Манайд ч бас ирдэг байсан.

   5. Лигдэн зангийн охин Банзарын яриа. Түдэв гүний эх Цогтдарь хатан царай зүс, ааш зан аль ч талаараа онцгой сайхан хүн байсан юм гэнэ лээ. Ноёны албатууд лааны гэрэлд шаазан аягатай зэрэгцүүлж үзэхэд хатан илүү цагаан байсан хатан өөрөө инээгээд сууж байсан гэдэг.

   6. Нутгийнхандаа зохиолч гэгддэг Б.Дамдинсүрэнгийн яриа. Түдэв гүн 1900 оны үхэр жилийн намар төрсөн юм гэнэ лээ. Манай бригадын малчин Улсын аварга Лхагвын эцэг Даваа гуай цуг төрсөн гэдэг. Шар Бадарчийн /одоо Лах багт амьдардаг/ аав Дашням гуай эд нар бол цуг тоглож өссөн хүмүүс байгаа юм. Түдэв гүний эх Цогтдарь хатан бол Хөгнийн өврөөр нутаглаж байсан туранхай Цэндийн авгай Дунжидмаагаас гарсан машид үзэсгэлэнтэй бүсгүй. Нөгөө алдартай “Дунд голын ногоо” дуу бол Цогтдарь хатанд зориулж гаргасан дуу мөнөөс мөн. Долоон хошуу наадамд очиход нь хүмүүс бүчээд байхаар нь хатан намайг харахаар нар болсон Богдоо хараач гэж байсан гэдэг. Дон бэйс наадамд явж ирээд өвчин тусч хэвтэж байгаад нас барсан нь хараалаас болсон гэж яригддаг. Дон бэйс өөрөө эрдэм чадлаараа гайхагдсан ноён байсан учир аймгийн чуулганы дарга хийж байсан. Түшээт ханыг зэрэг залгахад их үүрэг гүйцэтгэсэн байна. Түшээт хан болох гэж санаархсан нэг ноён надад саад хийлээ гэж хараал хийлгэснээс болж ноён үхсэн. Төрсөн охин нь бөгтөр болсон гэж хөгшчүүл ярьдаг байсан. Манай Баавай /Балжинням гуай/ Чоймбол гуайтай цуг бичээч хийж байсан. Хавтгай ууцат Чоймбол гэж их чадамгай бичээч байсан бөгөөд архи нилээн уудаг байжээ. Хэд хоног алга болчихоод ирсэн даруйдаа бичиг цаасны ажлаа их амархан цэгцэлчихдэг хүн байсан. Сүүлд 1940-өөд онд Баавай, Чоймбол гуайтай тааралдаж түүнийг Удвал гуайтай уулзуулж өгсөн гэж надад ярьж байсан юм.

   7. Цэнд гэлэнгийн хүү Доржпаламын яриа. Түдэв гүний эх Цогтдарь хатан бол манай эндэхийн хүн. Хараа, Ерөө рүү тарианд явсан хүний хүүхэд юм гэнэ лээ. Эцэг нь туранхай Цэнд гэдэг хүн байсан гэж яригддаг. Түдэв гүний хүрээг суурьшуулахад газрыг нь шинжиж үзээд хошуу нь ядуу, хүн нь эрдэмтэй байх юм байна гэсэн гэдэг. Жамъян цорж, Ойдовын хамба, Гавьж багш буюу Жанцан цорж, баруун багш зэрэг эрдэм чадлаараа гайхагдсан лам нар олон байсан. Хэлмэгдүүлэлтийн үед Ёнзон хамбын хамт цаазлагдсан Жанцан цорж эхний буудалтанд төмөр дуугарч байгаа юм шиг, дараагийнх нь модонд тусч байгаа юм шиг, гурав дахь нь ёсоороо болсон гэж энэ ажиллагаанд байсан хүн надад ярьсан.

   8. Сумын нам, төрийн байгууллагын ахмад ажилтан О.Лувсанчоймбол: Манай хошууны ноён Дон бэйс хэрэг ялгахдаа гаргууд, их заргач, бичиг цэргийн эрдэмд ихэд боловсорсон хүн байсан учир аймгийн чуулган даргын албыг давхар хашиж байсан. Хараалаас болж удаан хугацаагаар өвдөж байгаад нас барсан юм. Түшээт ханыг зэрэг залгах ёслолд их үүрэг гүйцэтгэсэн хүн гэж яригддаг. Түдэв гүний хүрээ нүүдэллэж яваад одоогийн Найдаг уулын өвөр Баянзүрхт байршсан. Хятад шинжээч газрыг нь шинжиж үзээд хошуу нь ядуувтар, лам нар нь эрдэм чадалтай, хүүхнүүд нь уран байна гэжээ. Энэ хүрээнд Ойдовын хамба, гавьж багш буюу Жанцан цорж, Баруун багш зэрэг ном эрдмээрээ халхад нэрд гарсан лам нар олон байсан. Уран Бодь гэж хүн байсан. Дон бэйсийн хатан Цогтдарь сайхан хүн байсан. Долоон хошуу Даншиг наадамд очиход наадамчид бүчээд явуулдаггүй байсан. Гоёын хувьд яриа алга харин гоёл муутай юм, хошуу нь ядуу юм байхдаа гэж ярьцгааж байсан гэдэг.

   9. Өндөр настан Г.Норжмаа /1990 онд 86 настай байсан/: Түдэв гүн алаг нүдтэй, цэвэрхэн бор царайтай хүн байсан. Манайхыг Хятадын худагт байхад ирж байсан юм. 1936, 1937 оны хавьд байх хүмүүс цугларч дуу хөгжим болж найрлаж байсан билээ. Эрдэнэсантын цагаан Дондоог түүний хүү гэдэг. Их адилхан.

   10. Ц.Дондоо /Ардын авъяастан, өндөр настан/: 1974 онд Найдандоржийнхийг Дундговьд байхад очих гээд Савангийн голоор дайраад гарахдаа тэнд манай сумын удирдлагууд зарим малчид цуглачихаад С.Удвал гуайг хүлээн авч байхдаа тааралдсан. Одоо санахад Савангийн голын баруун дэнжид гэр майхан барьчихсан байсан. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Цэвэгмид С.Удвал гуайгаар “Шалзат баахан шарга”ыг дуулуулж, Ж.Самбуу дарга говиос сар шиг сайхан хүүхэн авчирч байсандаа гэхэд С.Удвал гуай “За яахнав дээ. Намайг юун их магтаад унав гээд инээгээд Яасан их юм бэлтгэсэн юм бэ дээ. Би ч дахин ингэж олон удаа ирж чадахгүй байхдаа гэж хэлж байсан. Одроо Хавангийн эхнэр Рэнханд гуай Цогтдарь хатны тухай ярьж байсныг би сонсож байсан. Хатан ямархуу хүн байсан бэ?” гэж асуухад “Царай нь цав цагаан, хацар нь улаан, гарын хуруунууд нь нялх хүүхдийнх шиг үегүй, хумс нь бөв бөөрөнхий” гэсэн юм.

   11. Өндөр настан Д.Нанзадсүрэн: С.Удвал царай зүсний хувьд төрсөн эцэг Чоймболыгоо дуурайсан. Чоймбол гуай өндөр нуруутай, цагаан шаргал царайтай сайхан хүн байсан. Эх Цэдэн нь улаан Цэдэн гэж нэршсэн, махлагдуу, улаан бор хүүхэн байсан. Чоймбол гуайгаас олон дүү хүн байсан юм. Манайхан ойр айл аймаг явсан болохоор би сайн мэдэх юм.

Дээрх өгүүлсэн зүйлийг нягтлан дүгнэвэл:

1. С.Удвал гуайн төрсөн эцэг Чоймбол бичээч нь Түдэв гүний эх үзэсгэлэнт хатан Цогтдарийн төрсөн ах болох нь тодорхой болж байна.

2. С.Удвал гуайн эх Цэдэн, эцэг Чоймбол нар нь бичиг үсгийн боловсрол сайтай улс байсан учир тэрбээр бүр жаахан хүүхэд байхдаа гэрээр бичиг үсэг заалгаж сурсан байна. Үүнд эцэг Чоймболын нөлөө их байсан болов уу.

3. Ард олны дунд түгсэн “Дунд голын ногоо” хэмээх дуу нь С.Удвал гуайн авга эгч болох Цогтдарь хатанд зориулж гаргасан дуу болох нь тодорхой болж байна. Ингээд төгсгөлд нь саналын чанартай зүйл хэлэхэд миний сурвалжлан олж мэдсэн энэхүү мэдээлэлд зохиолч шүүмжлэгчид анхаарал хандууулж С.Удвал гуайн намтар түүхэнд нэмэр болгоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна."

Эх сурвалж: Зохиолч Санжаажавын Оюуны фэйсбүүк хуудаснаас өөрийнх нь зөвшөөрлөөр авч нийтлэв