images

Сумын урдуур өнгөрөх үед чи шүхрээрээ буу


Спортын мастер, нисгэгч Лувсангийн Ганхуягийн дурсамж

   "1995 онд орон даяар нөхцөл байдал хүнд хэцүү, сумдуудыг холбон нисдэг бүх нислэгүүд бүрэн зогссон, нисэхийн үйл ажиллагаа уналтанд орсон үе байлаа. Би тэгэхэд Хөвсгөл аймагт ажиллаж байсан бөгөөд ганцхан тэнд л АН-2 онгоцоор эргүүлийн нислэг хийдэг байв. АН-2 онгоцыг хоёрдугаар нисгэгч Батжаргал хувиараа түрээслэн, нэгдүгээр нисгэгч Адьяа, Даваасүрэн нарын хамтаар манай албатай гэрээгээр ажилладаг байв. Цагаан-Уул сумын нутаг, Бага Элээтийн ууланд гарсан ойн түймэр дээр шүхэрчдээ буулгаад АН-2 онгоц маань аймгийн төв рүү дуудагдан буцсан юм. Гэтэл маргааш нь Цагаан-Үүр суманд шинээр ойн түймэр гарч, нөөц шүхэрчдээ авч явах шаардлага гарлаа. Яг энэ үед Улаанбаатар хотоос ХЦУГ-ын удирдлагууд, ХЦ-ийн Дуу бүжгийн чуулгынхан Увс аймгийн Баруунтуруун сум орохоор гавьяат нисэгч Т.Сугарын хамтаар ирж явна гэдэг мэдээг нисэхийнхэн өглөө. Би ч өөрийн RL-12 маркийн шүхрээ эвхэж аваад нисэх буудал дээр хүлээж байтал нисдэг тэрэг ч ирлээ. Сумлагаа хийх үед нь учир байдлаа хурандаа Т.Сугарт цэргийн ёсоор танилцуулж, АН-2 онгоцтойгоо холбоо барьж чадахгүй байгаагаа хэллээ. Өөрөө очоод онгоцоо аваад яаралтай Цагаан-Yүр сум явах хэрэгтэй байгаагаа учирлав. Гэтэл Т.Сугар ах “Чамайг буулгахаар сумын төвд тусгайлан газардаж болохгүй, шууд нислэгтэй. Харин сумын урдуур өнгөрч болох юм. Тэр үед чи шүхрээрээ бууж болох уу?” гэж байна. Би ч шүхрээ аваад онгоцонд орж, очих газраа хүртэл амрахаар шийдэв. Яагаад гэвэл, Сугар ах нисч байгаа болохоор тооцоо хийх, хаашаа нисэх талаар санаа зоволтгүй байв. "Босоорой, буух газар чинь дөхөж байна" гэхээр л босч шүхрээ өмсөөд, хаалга онгойлгож, гарах газраа хартал сумын урдуур өнгөрч явна. Удалгүй Сугар ах өөрийн талын цонхоор толгой дохин, үсрэх зөвшөөрөл өгөв. Би онгоцны өндрийн хэрэгсэл 2400 метрийн өндрийг зааж байгааг хальт хараад хэдэн секунд чөлөөт уналт хийхээ тооцоолоод онгоцноос гарлаа. Шүхрээ задалж удирдсаар сумын захиргааны үүдэнд газардаж, сумын удирдлагатай уулзаж, түймрийн талаархи мэдээлэл аваад, онгоцоо авч буцаж ниссэнээр Цагаан-Yүр суманд, тэр их ойд гарсан түймрийг гурав хоногийн дотор шуурхай унтрааж билээ. Ер нь тухайн үеийн манай бүх шүхэрчид, гавьяат нисгэг хурандаа Т.Сугар ахтай нисч байгаа бол ямар ч түймрийн яг голомтынх нь дэргэд очиж газардана гэдэгт бүрэн итгэлтэй байдаг байсан. Биднийг түймрийн голомтны дэргэд буулгана гэдэг чинь түймрийг газар авахуулалгүй бага эхлэл дээр нь, хүмүүсээ холоос, уул нуруу давуулан алхуулж ядраалгүйгээр очиж түргэн шуурхай унтраахад маш том дэмжлэг болж өгдөг юм. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд түймрийн голомтон дээгүүр нисч байхдаа ах маань түймрийн тэлэлт, чиглэлийг ахалж байгаа хүнд нь бүтэн тойруулж харуулаад, өндрийн болон газрын салхины хурд, чиглэл, хүчийг тодорхойлж өгөөд, хаана нь шаталт хамгийн хүчтэй, хурдан явагдаж байгаа тэр газрыг нь угтуулан буулгаж өгөөд болгоомжтой ажиллахыг үргэлж сануулан хэлж, буцааж татаж авах газраа цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд, яг тогтоосон хугацаандаа ирж авдаг байсанд нь Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны үе үеийн шүхэрчид бид үргэлж баярлан, талархан дурсаж явдаг юм."

Агаарын харуулын албаны нийслэл Улаанбаатар хотын салбарын шүхрийн ахлах зааварлагч, нисгэгч, бэлтгэл хошууч, спортын мастер Лувсангийн Ганхуяг

Эх сурвалж: Т.Сугар. “Тэнгэрт бичсэн дурдатгал” ном. 319-320 дугаар тал