images

Найзынхаа үнэмлэхээр сурвалжлага хийсэн минь


Зохиолч, яруу найрагч Данзангийн Нямаа хуучилсан нь.

   "Радиод ороод удаагүй байсан юм, 1980 он уу, 1981 он уу? Д.Намсрай Горькийн сургуульд явдаг жил л юм. Засгийн газрын ордны баруун талд гүйж явтал Д.Намсрай минь таарав. 14 цагт Улс төрийн товчоогоор орох болж гэнэ. Тэгсэн зангиа зүүж ор гэжээ. Цамц нь бас зангиа зүүдэг цамц биш юм. Бид хоёр цамцаа сольж өмслөө. Надад түүний цамц томдож харин минийх түүнд багадах ч гэсэн пиджакны дотор өмсөөд зангиа зүүгээд орох төдийд бол болж байна шүү. Үдээс хойхно Д.Намсрай минь баяр хөөр дүүрэн орж ирж, цамц энэ тэрээ сольж өмсөөд, М.Горькийн сургуульд явах нь дээд газраар батлагдсаны баяраа ч тэмдэглэв. Тэр явдал тэгээд өнгөрөв. Гэтэл бас нэг хөгтэй дурсамж үлдэх учиртай байжээ.

   Яаж ч яваад юм би ажлын үнэмлэхээ гээчихлээ. Ороод удаагүй байсан тул айгаад даргадаа ч, боловсон хүчний газраа ч хэлсэнгүй. Цамц энэ тэрээ солилцож байх үед Д.Намсрайн үнэмлэх надад үлджээ. Зургийг нь солиод нөгөө үнэмлэхээ хэрэглээд яваад байлаа, олон ч хоног яваагүй байх. Уг нь болоод л байсан юм. Радиогийн үйлдвэрийн редакцийн сурвалжлагч тул үйлдвэрүүдээр их явна. Тэгээд Хивсний үйлдвэр дээр очлоо. Сурвалжлах хүнийг үйлдвэрийн намын дарга нь л сонгож уулзуулдаг байсан үе. Намын дарга дээр нь орлоо. Үнэмлэхээ үзүүллээ. Тэгсэн үнэмлэхийг минь үзчихээд нэг л хачин харлаа. Чи яг Дамбадаржаагийн Намсрай мөн үү?” гэж байна. Мөн л гэлээ. Өмнө нь хэд хэдэн үйлдвэрт тэгж хэлээд болоод байсан юм чинь. Тэгсэн хэрэг бишидлээ шүү. Д.Намсрай минь тэр үйлдвэрийн намын хорооны зааварлагч байж байгаад Монголын радиод очсон юм байж. Чи Д.Намсрай биш байна. Хэн юм чи? Яг радиогийн сурвалжлагч мөн үү? болоод явчихлаа. Би ч удалгүй үнэнээ хэлээ. Редакцийн дарга руу минь үйлдвэрийн намын дарга ярилаа. Энд танай сурвалжлагч Нямаа гэдэг нөхөр хүний үнэмлэх үзүүлээд сурвалжлага хийнэ гээд явж байх юм гэв. Редакцийн хариуцлагатай редактор Б.Харцага дарга надтай ярив. Би үнэмлэхээ гээчихээд, М.Горькийн сургуульд явсан Д.Намсрайн үнэмлэхээр явж байсан юм гэлээ. Юу ч гэсэн сурвалжлагаа аваад ир гэж байна. Үйлдвэрийн намын даргатай ч ярив. Тэр дарга ч сурвалжлах хүнийг минь сонгож өглөө. Хариуцлагатай редактор маань Балдангийн Харцага гэж эдийн засагч мэргэжилтэй хүн байв. Сайхан сэтгэлтэй, удирдлагын арга барил нь онцгой, хэнд ч дарамт учруулдаггүй, өөрөөр нь л өөрийг нь удирдуулна, өөрөөр нь гэмшүүлж, өөрөөр нь бодуулна, хэрэгтэй үед урмын үг хэлж далавчлуулна. Тийм хүн байв. Тэр өдөр Б.Харцага дарга маань боловсон хүчний өрөөнд дагуулж ороод Манай энэ нөхөр ажлын үнэмлэхээ гээчихжээ, бичээд өгчих гэж хэлсэн юм даа. Түүнээс өөр үг хэлээгүй. Тэгж би ажлын үнэмлэхээ шинээр авлаа. Бусдын нэр барьж хол явдаггүй юм байдаг шүү. Хожим нь Д.Намсрай бид хоёр энэ тухай хөөрөлдөөд инээлдэж суудагсан."

Эх сурвалж: Nyamaa Danzan Фэйсбүүк хуудас.