images

Т.Рузвельт, В.И.Ленин нар шиг хурдан уншдаг болно


Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн дурсамж

   "Хоймортоо ганцхан судар залсан, өөр ямар ч номгүй малчин айлын хүүг чухам юу хөтөлсөн юм мэдэхгүй, арваад настайгаасаа мөр толгой холбож эхэлсэн санагддаг юм. Аз гийж би тавдугаар ангиасаа Алтан-Овооны өвөр дэх Дарьганга сумын дунд сургуульд ирээд яруу найрагч, орчуулагч Доржийн Гомбожав багштайгаа учрах хувь ерөөл тохиосон минь чухам тэнгэрийн таалал байж дээ. Монгол хэл, уран зохиолын багшаар яруу найрагч хүн ирнэ гэсэн үг ер бусын сонсголонтой сонсогдож билээ. Ингэж би жинхэнэ яруу найрагч хүнийг анх удаагаа харсан юм. Алтан-Овоо чигтэйгээс цагаан саарал цувтай, өндөрдүү, улаан бутарсан царайдаа зохисон тас хар халимагаа толийтол самнасан хүн манай ангийг чиглэн ирж явсан дүр зургийг би хэзээ ч мартдаггүй юм. Энэ бол гучин настай яруу найрагч Доржийн Гомбожав багш байлаа. Ингээд би Д.Гомбожав багшийнхаа байгуулсан уран зохиолын дугуйланд элсэж, сурагч үзгээр гэнэн балчир шүлгүүдээ бичиж эхэлсэн билээ. Зургаадугаар ангиа төгссөн зун миний анхны шүлэг орон нутгийн сонинд нийтлэгдэж бөөн хөөр болж байв. Мэдээж Д.Гомбожав багш минь хэвлүүлсэн байж, “яруу найраг” хэмээх ер бусын ертөнцийн зүг сэтгэлийн минь жолоог хандуулчихсан юм.

   Долоодугаар анги төгсөнгүүт Улаанбаатар хот дахь Багшийн сургуульд хуваарилагдлаа. Ааваараа хүргүүлж анх удаа нийслэлээ үзэж буй арван тавтай хөвүүн би шууд л оюутны намрын тариа хураах ажилд Ерөө голын хөвөөнөө ирэв. Байсхийгээд л үдэшлэг, дуу хуур болно. Хөдөөгийн сургуулиас ирсэн бүрэг ичимхий хүү би олны араар нуугдасхийн зогстол М.Насанбуян багш маань “Мэнд-Ооёо авьяасаа үзүүл” гээд дуудчихав. Өөрийнхөө зохиосон нэгэн шүлгээ уншсанд тариа бригадынхан улаан булан дүүртэл алга нижигнүүлэв. М.Насанбуян багш маань “Хөөе чи чинь яруу найрагч байна шүү дээ” хэмээн миний гарыг атгасан юм. Гавьяат багш Мэнгэтийн Насанбуян юм шүү дээ. Түүнээс хойш багш тааралдах болгондоо “Яруу найрагч хүү сайн уу?” гэдэг болж билээ. Ингээд би сургуулийнхаа номын санд зохиолчдын намтар, суут хүмүүсийн амьдрал хийгээд яруу найргийн ном авч уншдаг болов. Нэг л мэдсэн гурван жил өнгөрч багшийн диплом өвөртлөөд Дорноговь аймагт хуваарилагдаж Замын-Үүд хэмээх хилийн тосгонд ирсэн юм. Боловсролын хэлтсийн дарга нь хаана суумаар байгааг минь асуухад ханан дахь газрын зураг дээрх хамгийн алслагдсан тэр газрыг заасан минь говь цөл газарт сууж онгод хөглөж шүлэг бичих гэсэн гэнэн санаа байж билээ.

   Замын-Үүдэд ирэнгүүт хоёр өрөө байр өгөв. Хичээлээ заачихаад л ном уншиж, шүлэг бичнэ. Эль хульхан, сатаарах юмгүй. Нэгэн өглөө цонхоор үүрийн гэгээ тусч буйг хараад сэрэхэд цонх тогших чимээ. Өндийж хөшгөө нээгээд харвал урд өдөр нь тосгоны халуун усны газарт танилцсан номд дуртай Ш.Цэрэнпил анд минь байлаа. Ингэж бид хоёр бие биеийг хөглөж, номоо солилцон уншиж, нэг нь том сэтгүүлч болох, нөгөөх нь алдартай зохиолч, яруу найрагч болох мөрөөдөл тээх болов. Америкийн ерөнхийлөгч Т.Рузвельт, Оросын хувьсгалын удирдагч В.И.Ленин нар шиг хурдан уншдаг болно хэмээн дасгал сургууль хийж байсан удаатай. Хоосонгүй. Ном хурдан уншиж сурсан минь хожим нь цаг хугацаа хэмнэж, оюутны олон боть ном унших даалгаварыг ядралгүй даваад чөлөөнд нь уран зохиол, түүхийн номоо үргэлжлүүлэн үзэх бололцоог олгосон юм даа. Бид хоёр сонин сэтгүүлийн газруудыг шүлэг, сурвалжлага, мэдээгээр “бөмбөгдөж” эхлэв. Хааяа зарим нь хэвлэгдэж, “шаардлага хангаагүй” гэсэн цохолттой хариу ч үе үе ирнэ. Өсч хөгжихийн төлөө уншсаар л байлаа. Сайхан ном унших бүрт өөрийгөө улам чамлах болов. Сургуульд явахын мөрөөдөл тусав. Замын-Үүдэд дөрвөн жил сууж эхнэртэйгээ учирч, хоёр хүүхэдтэй болоод УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангид элсэхээр Улаанбаатар луу хэдэн номтой ганц авдартайгаа нүүж билээ".

Г.Мэнд-Ооёо. “Он цагийн хүрд” ном. Улаанбаатар хот. 2016 он. 6-8 дугаар тал.