images

Тулам мөнгө шавар ваар болсон нь буюу "Нууц товчоо" шүлэг төрсөн түүх


Ардын уран зохиолч П.Бадарч бага насны дурсамжаа өгүүлэхдээ "Нууц товчоо" шүлгээ бичсэн түүхээ хүүрнэсэн нь.

   "Манайд хаанаас, хэдийд, хэн авчирсныг бүү мэд, 1946 онд хэвлэгдсэн хөх саарал хавтастай, худам монгол үсгийн "Нууц товчоо" байх. Тэр үед хоршоонд ноос үс тушаасны мөнгөнд ном дагуулж өгдөг байсан юм. Ийм замаар аав минь авчирсан байх магадлалтай. Эгч бид хоёр түүнийг хальтлахгүй тул айлын хүн Сөөдөг Даваа гуайгаар дуудуулна. Тэр хүн уг нь манай эцгийн төрсөн ах юм. Сөөнгө хоолойтой, өрөөсөн нүд нь үүлтэй, өндөр хар хижээл эр. Уг гарвал нь, Доной төвөд гэгч эхнэр, хоёр балчир хүүтэйгээ нүүж ирсэн цагаачид гэлцэх. Үнэн худлыг хэн мэдлээ. Үнэн бол би төвөд ястай, боржигон цустай болох бололтой. Ер нь ч нүүж ирсэн төвөд ястнууд Монголд нэлээд бий. Тэднээс би алдарт зураач Намхайцэрэн, нэрт зохиолч Соронзонболд нарыг лав мэдэх юм. Агент гуайгаар "Нууц товчоо"-г дуудуулах, шуудай шуудайгаар байх еэвэн, танзуур, домбон ёотонгоос нь худалдаж авсаар нэг хавар, зун гэртээ байсан илгэн туламтай мөнгөн зооснуудыг эгч бид хоёр барж билээ. Аав минь загнаагүй ээ. Сүүлд би Герман явахдаа тэр мөнгөн зооснуудаа худалдсан. Аавынхаа хайран хөрөнгийг яйран болгожээ, би. Харин "Нууц товчоо" -г дуудуулсан нь хожим хэрэг болж, "Нууц товчоо" зохиогдсоны 750 жилийн ойгоор,

Аавынхаа гэрт жаахан хөх номыг

Авдрынхаа өмнө тоононы наранд

Анх би зургий нь үзэж элээн

Аугаа "Нууц товчоо"-г үнгэлсэн нүгэлтэй гэж эхэлдэг "Нууц товчоо" шүлгээ бичиж ойн уралдаанд түрүүлж байлаа. Шагнал нь 800 төгрөг, гар хийцийн шавар ваар байсан. Гэвч тулам мөнгөний төлөөсөнд яаж хүрэх вэ. Харин ваар нь өдгөө манайд бий.

Пунцагийн Бадарч. "Юм юмнаасаа" ном. 2022 он. 26-27 дугаар тал.