images

Хятадын шоронд долоон жил суусан дэд хурандаагийн дурсамж


Цэдэн-Ишийн Бат-Очир хэмээх энэ эрхэм арван наймхан настайдаа 1938 онд Дотоод явдлын яамны төв сургууль төгсөж, 1940 онд баруун хязгаарын байлдаанд хүч нэмэгдүүлсэн тусгай сумангийн даргаар оролцон одон медалиар шагнуулж, 1958 он хүртэл одон тэмдэгт тусгай хорооны салаа, суман, штабын даргын алба хашиж явжээ. 1958 оноос “Алдар” нийгэмлэгт хөлбөмбөг, гар бөмбөгийн багш дасгалжуулагч хийж, Улаанбаатар-Бээжингийн дугуйн аялалд оролцон Түмэн газрын цагаан хэрэм дээр хөлсөө сэврээж суусан хүн.1972 онд хурандаа цолтой, Цэргийн амралтын арын албаны даргаар ажиллаж байхад нь нэг өдөр генерал Б.Цог дуудан Дорнод руу зээр агнах бригад ахлан гарах тушаал өгчээ. Энэ үед эхнэр нь бие тааруу байгааг учирлан явмааргүй байгаагаа хэлсэн ч цэргийн тушаал гээд хүлээж аваагүй байна. Ингээд тэр цагаан зээр, суль өвс халиурсан Вангийн цагаан уул руу цэрэг ачиж, буу үүрээд хүлгийн жолоо залсан байна. Эндээс түүнд тохиолдсон олон жилийн хүнд бэрх адал явдал эхэлжээ. Ц.Бат-Очир гуай хүүрнэх нь:

   “Бид нэргүй нэгэн хонхорт очиж буугаад маргааш нь бэлтгэлээ ханган буугаа тусгалд оруулаад зээр агнахаар гарч хэд хонотол бусад бригадууд ч араас ирлээ. Надад 5000 зээр агнах даалгавар өгсөн байсан. Ингээд агнасаар байтал ойр хавьд зээр цөөрсөн тул хол явж агнадаг боллоо. Нэг шөнө хоёр машинтайгаа Вангийн цагаан уулнаас зүүн урагш гөрөөлж явтал цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхэлдэг юм байна. Нөгөө машин маань ч харагдахгүй боллоо. Төөрч эхлэв бололтой. Машинаа зогсоогоод эргээд харахад мөр нь үзэгдэхгүй байв. За тэгээд цасаа ухаад л, хойшоо чигтээ явж байна гээд зүтгүүлж байтал машины гэрэлд баахан хүмүүс харагдлаа. Застав дээрээ ирлээ гээд баярлаад буух гэтэл тэдний нэг нь хаалга угзран онгойлгож буу шүүрч аваад намайг гуд татан буулгаад нүд боочихлоо. Шулганалдаад эхлэхийг сонсвол хятадууд бололтой. Тэгэхэд бид тавуулаа явсан юм. Жолоочийн маань нүдний боолтыг тайлж машиныг нь бариулаад өөрийнхөө застав дээр аваачив. Дарсан ногоо хадгалдаг бололтой хүйтэн зооринд хийчихлээ. Хил даваад олзлогдлоо гэдгээ ч мэдлээ. Тэгээд нөхдөдөө “За айж балмагдаж болохгүй. Нам, эвлэлийн батлах, бичиг баримт байдаг юм бол түүнийгээ урж тасдаад устга. Цэргийн хүн тангарагтаа үнэнч байх ёстой” гэж хэллээ. Тэгж байтал цаг хэртэй болоод арай дулаан байранд орууллаа. Сандал ширээтэй, бас халуун савтай цай, пүнтүүзтэй хуургархуу юм өглөө. Тамхи шүдэнз ч байна. Тэгж байгаад гаргаж бие засууллаа. Нэг өрөөнд оруулж хэвтүүллээ. Хүн бүхний дэргэд нэг буутай цэрэг суучихсан, хоорондоо ярих гэхээр зандарна. Ядарсныг хэлэх үү, унтаад өгчээ. Удалгүй биднийг дуудаж босголоо. Бүдүүн ногоон хувцастай дарга нар ирчихэж. Биднийг аваад гарлаа. Цасан шуурга шуурсаар, таван хөнгөн тэрэг асаалттай байна.

   Биднийг нэг нэгээр нь суулгаад явлаа. Миний хоёр талд нэг нэг хүн дээлийн ханцуйг минь доогуураа хийгээд суучихлаа. Ингэж явсаар үүр цайхын үед нэг газар ирээд дахиад л нүдийг минь боож байгаад нэг өрөөнд оруулав. Үүдэндээ харуултай, өвөр монгол орчуулагчтай хятад дарга байцааж эхэллээ. “Бид танай монгол цэргийн тухай бүгдийг мэднэ” гээд л ханхалзаад байх. Орос цэргийн тухай их асууна. Хэчнээн дивиз ирсэн, хаана байрласан, ямар техниктэй, ямар зохион байгуулалттай талаар асууж байна. “Бүртгэдэг хүн нь би биш. Би юу ч мэдэхгүй” гээд суучихлаа даа, би. Үүрээр, шөнөөр, хоолтой, хоолгүй тувт дуудчихна. Нөгөө хэдийг маань яасныг бүү мэд. Жаахан адраад эхлэхээр төмөр шугамаар гар луу цохино. Тэгж тэгж арай дээр нэг өрөөнд орууллаа. Нөгөө хэдийгээ тэр хавьд байгааг мэдлээ. Нэг муу хөвөнтэй цамц өглөө. Сүрлэн гудастай модон ортой юм. Нохой бөөс, бясаа хоёр эгээтэй л бариад идчихсэнгүй. Нөгөө л байцаалт хэвээр. Хайлаар хот гэдэг нь тэр байсан юм. Дараа нь Хөхмөрөн хот гэдэгтээ аваачсан юм. Мөн л нөгөө байцаалт, бясаа жоом тоймгүй. Нөгөө хэд маань бичиг дамжуулахыг оролдоно. Түүнээсээ болоод загнуулна. Тэгээд байцаагч, дарга нартай их хэрэлддэг боллоо. “Би ямар төөрч ирсэн болохоос та нарыг тагнах гэж ирээгүй” гээд л. Тэнд нэг жил болоод цааш Чүнчин гэдэг хотод аваачлаа. Тэнд ёстой шорон шиг шоронд байсан даа. Таван давхар хэрмэн ханатай, оройгоор нь цахилгаан гүйлгэчихсэн. Ло-лины шорон гэлцдэг байсан. Орос хоригдол олонтой. Бас л янз бүрээр хил нэвтэрч орсон улс гэнэ. Өдөртөө 30 минут нарлуулна. Тэр үеэр нөгөө хэдийнхээ барааг харна. Бие муудаж өвддөг боллоо. Тэгэхээр харин эмч дуудна, эмнэлэгт хэвтүүлнэ. Би ч муу санаандаа, өгсөн эмийг нь уухгүй байхыг боддог байсан. Гэр орныхноос түрүүн эх нутаг зүүдэнд ороод унтаж болохгүй хэцүү. Сүүлдээ бие муудаад хэвтэрт орлоо. Эмнэлэгт хэвтэхгүй гээд зүтгээд байсан чинь Нямдавааг маань надтай хамт байлгадаг болсон. Хятад хэл заана гээд нэг өдөр самбар, шохой барьсан хятад орж ирлээ. Ингэж гутарч байхаар нэг хэл сураад авчихад хэрэгтэй юм гэж бодлоо. Тэгсэн чинь самбар дээрээ баахан юм зурчихлаа. Асуусан чинь “Мао дарга түм насалтугай” гэж байгаа юм. Үүнийг бичиж сур” гэнэ. Уурлаад хөөгөөд явуулсан. Иймэрхүү байдлаар Хятадад нийтдээ долоон жил, үүнээс Ло-лины шоронд дөрвөн жилийг үдлээ.”

   1979 оны долдугаар сарын нэгэн өдөр тэднийг суллаж Бээжингээр дамжуулан Эрээнд авчирчээ. Анх чөлөөлөхдөө шоронгийн бүх албан хаагчид цуглараад дарга нь “Ядарч зүдэрч, төөрч ирсэн та таван монголыг Мао дарга, Дэн дарга хоёрын хайр халамжаар гэр оронд чинь буцааж байна” гээд дотуур гадуур хувцас, оо сойз гээд төрөл бүрийн юм боочихсон өгчээ. Хил дээр ирэхэд нь хоёр талын хилийн цэргийн дарга нар ердөө хоёр алхмын зайд зогсчихсон байж. Анх төөрөөд хил давахдаа унаж явсан ГАЗ-51 машиныг нь авчраад тавьчихсан байв. Нэг монгол ахмад эхлээд Ц.Бат-Очир гуайн овог нэр, биеийн байдлыг нь асуугаад “БНМАУ-ын хил рүү алхаад марш” гэхэд тэрбээр хилээ давж оронгуут газар шороогоо үнсэхээр тонгойсноо мэдэж, тэгээд ухаан алджээ. НАХЯ-нд тэднийг 15 хоног байцааж Хятадад байхдаа өгсөн мэдүүлэгтэй нь тулгаж, дараа нь БХЯ, НАХЯамнаас төлөөлөгчид хамтран хүлээж аваад эх орныхоо аль дуртай газар аль дуртай ажлаа хийхийг зөвшөөрч сайн сайхныг хүсээд гэр гэрт нь хүргэжээ.

Жигжидсүрэнгийн Нэргүй. “Хүмүүсийн тухай роман” ном. 2008 он. 412-416 дугаар тал.