images

Ж.Лхагвагийнхаа буянаар энэ орчлонгийн нэгэн сайхан бүсгүйд таалагдан хорвоогийн жаргалыг эдэлсэн


Төрийн шагналт зохиолч Балжирийн Догмидын дурсамж

   “Далан хэдэн онд намайг Дорноговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст ажиллаж байхад гэнэт нэг өдөр Монголын зохиолчдын хорооны дарга Дожоогийн Цэдэв дуудуулав. Эрхүү хотод очиж Дэлхийн байгаль хамгаалах хөдөлгөөний тэргүүн зохиолч Валентин Распутинтэй уулзаж, Монголын Хөвсгөл, Оросын Байгаль, Японы Сайко, Киргизийн Иссыккуль нууруудын тухай газар дээр нь очиж уран сайхны нийтлэл, эсээ, асуудал дэвшүүлсэн өлгөц өгүүлэл бичих учиртай юм байх. Манай багт утга зохиол судлаач шүүмжлэгч Цэвэгжавын Хасбаатар, нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, мөн Улсын хэвлэл утга зохиол хянах газрын ажилтан зохиолч, сэтгүүлч Т.Рэнчин нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс томилогдсон байлаа. Аян замд гарахын урд өдөр Цэдэв дарга бид нарыг хүлээн аваад “Н.Нямдорж Эрдэнэтэд ажилгүй тэнээд хэл ам татлаад болдоггүй, Дорноговьд Б.Догмид архи дарстай холбогдон чих халууцуулаад бас болдоггүй. Тийм учраас энэ хоёр хүнийг би зориуд сонгон авч бяцхан сэтгэл засал хийж, малгайн утааг нь сэргээж, юу хийж чаддагийг нь үзэхээр Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга Ц.Хасбаатараар даргалуулан, Нийгмийг аюулаас хамгаалах яамны бэлтгэл хурандаа, Хэвлэл утга зохиол хянах газрын төлөөлөгч нөхөр Т.Рэнчингээр хамгаалуулан ийнхүү явуулж байгааг маань зөв ойлгоорой” гэлээ. Гадаадад очоод архи дарс ууж, алиа марзан юм ярьж улс төрийн алдаа гаргаж хэл аманд өртөж болохгүйг онцгойлон анхааруулж байна. ЗХУ-д очоод Монголын их утга зохиолын нэр хүндийг шалан дээр унагачихааргүй олны өмнө унших шүлэг, зохиолоо орчуулаад аваад яваарай гэлээ. Маргааш вагонд суух гэж байдаг. Гэтэл бэлэн орчуулсан байтугай орчуулаагүй ч ганц ч шүлэг байдаггүй. Тэгээд зохиолч Ж.Лхагватай уулзаж учир зовлонгоо хэлбэл тэрбээр “Миний нэг богино өгүүллэг бий. Түүнийг чи аваад явахгүй юу. Би аль эрт орос хэл рүү орчуулаад сонин сэтгүүлд өгч амжилгүй мартчихсан байна лээ гэх нь тэр. Бид Эрхүүд очиж тэндхийн зохиолчид, В.Распутинтэй уулзаад автобус, хөнгөн тэрэг хөлөглөн Байгал нуурын хөвөөгөөр хэдэн өдөр зугаалж нутгийн хүмүүстэй танилцан газар шороо, ижий болсон эх далайнх нь хувь заяа, ирээдүйн тухай ярилцав. Сүүлийн жилүүдэд нуурын эргэн тойронд байгаа химийн үйлдвэрүүдийн хог хаягдлаас болж далайн ус ихээр бохирдож байгаад хүмүүсийн сэтгэл их зовж байгааг олж мэдэв.

   Цэвэр цэнгэгээрээ дэлхийд гайхуулдаг энэ нуурт олон төрлийн нян, урьд өмнө үзэгдээгүй хорхой шавьж, замаг залхаг үрждэг болсоор цөөнгүй жилийн нүүр үзжээ. Зүүнбаянгийн усан бассейнд өндөр тавцан дээрээс өдөрт хэдэн арав үсрэн сэлж өссөн надад Байгал далай гэгч чухамдаа нэгэн насаараа шумбасан ч уйдамгүй диваажингийн орон байлаа. "Ус, булаг ховор говийн хүн хэрнээ хэдийдээ ийм сүрхий усчин болчихдог байна аа?" гэж Ц.Хасбаатар гуай намайг гайхна. Хүний газрын усны ааш араншин их өөр шүү. Чи энэ нуурын хөвөөгөөр байгаа оршуулгын олон хөшөө бунханыг хараа л биз дээ. Тэр талийгаач нарыг усанд сэлж чаддаггүйдээ живж үхсэн гэж чи бодож байвал үгүй шүү. Ус гэдэг барьцгүй зүйл шүү гэж Н.Нямдорж гуай намайг сургана. "Дэлхийн хамгийн алдартай долоон театрт сонгодог жүжгүүдээ тоглуулсан Буриадын агуу их зохиолч Алексей Вампилов орчлонд ховорхон сайн усчин байсан боловч нуурын гүнд завиных нь мотор унтарч, хориод километр сэлээд мөнөөхөн нуурт живж өөд болсон юм. Энэ Байгаль далайхан чинь авъяастай алдартай хүнийг авчихдаг, таалчихдаг ус шүү" гэж үглэнэ. Лениний болон Төрийн шагналт СССР-ийн Дээд зөвлөлийн депутат Валентиний Распутинийг нутагтаа айлчлан ирсэн гэж сураг сонссон хөдөө тосгоны нэгэн баян хүн эдлэн газартаа нэгэн үдэш бид нарыг хамтад нь урьж цайлж дайллаа. Гадаа цэцэрлэгт тавьсан орос маягийн урт урт бандан ширээг хотойтол чихэр жимс, архи дарс, таван тансаг амттан өрж, бүхлээр нь шарсан хонь, гахайны бүхэл мах тавьжээ. Цэцэрлэгийн доторх моддын гишүү мөчир цэцэг навчаа дааж ядан толгой дээр намиатах бөгөөд чийдэнгийн гэрэлд олон янзын улаан, ногоон жимс амьтны нүд шиг гэрэлтэн, ширээн дээр ганц хоёроороо унана. Тэнд тосгоны ихэс, дээдэс, нэр хүндтэй ахмадууд, алдартай хүмүүс цугларсан бөгөөд хүндэт зочдын ширээнд тосгоны ахлагч, гэрийн эзэд, В.Распутин тэргүүтэй бидний арав гаруй хүмүүс суужээ.

   Үдэшлэг хөтлөгч микрофон авч Зөвлөлт гүрний төдийгүй манай гарагийн бахархал болсон агуу их зохиолч В.Распутин энэ зах хязгаар нутгийн тосгонд маань айлчлан ирсэнд зориулсан баярын цэнгүүнийг нээснийг мэдэгдэхэд хүмүүс ура хашгиран босч алга нижигнүүлэн ташлаа. Ирсэн зочдыг олон түмэнд танилцуулсны дараа В.Распутин босч эх болсон газар шороо, эх орон, байгаль дэлхийгээ хэрхэн хайрлаж хамгаалах тухай товч үг хэлж амжилт хүсэн хундага өргөсний дараа тосгоны уран сайханчид концерт тоглож частушка бүжиглэлээ. Олон арван жил дарсан оргилуун дарс буудуулан мөнгөөр доторлосон том том эвэр хундагануудаар архи, вино ууцгаасан хүмүүс удалгүй халцгааж биеэ барихын хүлээс алдрахын цагт найр хавтгайран дуу хуур үргэлжлэв. Орос үндэсний түргэн бүжиг хийн шал тачигнуулан товших хүүхнүүдийн хормой шүхэрлэн эрээлжлэн, алаглан эргэлдэв. Танц мэдэхгүй намайг орос хүүхнүүд бүжигт урьж, нүдний булай болох вий гэхээс яс хавталзан ширээн доогуур орох нь холгүй сууж байтал В.Распутин гуай босчБид нартай хамт танай тосгонд Монголын нэг авьяаслаг зохиолч ирснийг баяртай мэдэгдэе. Одоо энэ хүний бүтээлээс та бүхэнд сонордуулахыг хүсч байна" гэв. Би арга буюу босч хүмүүст баяр хүргэн мэндчилээд “Би Монголд төмөр зам тавьж, нефтийн үйлдвэр, олон арван уурхай, хиймэл нуур байгуулсан оросуудын буянаар ойр зуурын хэдэн орос үгтэй болж, хар багаасаа усанд сэлж сурсан хүн" гэж монголоор хэлснийг Ц.Хасбаатар гуай засч залруулан, нэмж, чимэн орчууллаа. Тэгээд олон хоног халаасандаа хадгалан эвхээс нуглаасаараа тасрахаа дөхсөн Ж.Лхагвагийн өгүүллэгийг гаргаж үдэшлэг хөтлөгч залууд өгч микрофоноор уншууллаа. Тэр богино өгүүллэгт дайны дараа жил Оросын хөдөө нутгийн нэг тосгонд хэдэн архичин Иванууд өглөө эрт гоожуурын пивоны мухлагт оочирлон зогсож байгаагаар эхэлдэг. Гэтэл өрөөсөн хөлтэй, хоёр суга таягтай, Алдарын гурван одонтой ахмад дайчин ирж дарааллын урдуур орж таягтай гартаа барьсан шилэн грушикээр пиво авна. Энэ үед оочирийн дунд хэрд зогсож байсан сахал нь ч ургаж амжаагүй нэгэн залуу мөнөөх ахмад дайчинд хандан:

- Чи ганцаараа дайнд яваад ирсэн юм шиг юугаараа гайхуулаад оочирлохгүй урдуур дайраад байгаа юм бэ гэж халамцуухан хоолойгоор хашгирна. Хариуд нь өвгөн:

- Муу гөлөг минь чи миний өөдөөс хуцах болоогүй шүү. Би чам шиг жулдрайнуудыг хамгаалж яваад Германы фронт дээр өрөөсөн хөлөө орхисон юм. Барс, Ирвэс гэж ямаршүү аймшгийн танк байсныг чи мэдэх үү. Би тийм машинаар өрөөсөн хөлөө сольсон хүн. Олон юм солиороод байвал би чамайг генерал Жуковын дурсгасан гар буугаар нохой шиг буудаж ална гэж мэдээрэй хэмээн хэлээд цаашаа эргэн алхахад нь хоёр суга таяг нь шороо чулуунд бүдчин, алдарын гурван одон нь санжигнан, аягатай пиво нь цалиган цалиган асгарч байгаагаар Ж.Лхагвагийн энэ өгүүллэг төгсдөг. Хөтлөгч залуугийн амнаас гарах үг, өгүүлбэр бүхнийг хүмүүс амьсгал даран чагнаж байснаа өгүүллэг төгсөхөд Молодец! хэмээн хашгиралдан алга ташин, шүгэлдэн баяр хүргэж байлаа. Гэтэл эх орны дайны үеийн черкес мундир өмсч, мөнгөн загалмай, чинжаал хутга зүүсэн алтан мөрдэстэй өвгөн генерал босч ирээд сэтгэл нь хөдөлсөндөө хөтлөгч хархүүгийн гараас микрофоныг шүүрэн авч:

- Юуны өмнө Эх орны болон иргэний дайны баатруудын залуу нас, алдар гавъяаг мөнхжүүлэн, магтан дуулсан сайхан новель бичсэн Монголын энэ авъяаслаг залуу зохиолчид баяр хүргэе. Яг үнэндээ М.Шолохов, В.Распутин хоёр ч ийм гайхамшигтай өгүүллэг төдийлэн олныг бичээгүй байх. Тийм учраас би энэ залууг манай тосгоны нэрийн хуудас, нүүр царай, бахархал болсон үзэсгэлэнт охин Наташкатай танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. Шүлэг зохиол бичих авъяас, мэдрэмж гэдэг бол дотоод сэтгэлийн гоо сайхан юм. Иймээс Орос, Монголын энэ хоёр сайхан залуусыг энэ хорвоо дээр зөрөг замаар зөрүүлчихгүй бие биенээ олоход нь би туслах үүрэгтэй бус уу. Алив! Наташка наашаа гараад ир гэж ерэн насны босгыг аль эрт алхсан болов уу гэмээр мөнөөх цагаан сахалтай, цагаан толгойтой генерал дуудлаа. Эх орны дайны алдрын одонгууд, хаант засгийн үеийн алтан, мөнгөн загалмай энгэртээ гялалзуулсан генералын үг тэр тосгоныхонд хууль ажээ. Орос үндэсний цэцгэн хээтэй цагаан даашинз өмсч, эрээн алчуур мөрөн дээрээ сул хаясан “Дөлгөөн Дон“ киноны Аксиньягаас дутуугүй царайлаг охин бяцхан ичингүйрсэн янзтай гарч ирээд надад гараа өгөхөд Ц.Хасбаатар гуай миний араас түлхэн "Айж ичих юмгүй очоод гарыг нь үнсээч" хэмээн хэллээ. Хагас өндөр өсгийтэй шөвгөр ботинк, хар костюм, цардмал захтай цагаан цамц өмсч, үсээ тослон самнасан бивээр Наташкаг хөтлөн бүжгийн тавцан дээр гараад:

Я помню чудное мгновение          (Цэвэр үзэсгэлэнгийн гайхамшиг гэмээр)

Передо мной явилась ты               (Цэрвүү насны зүүд ч гэмээр)

Как мимолетное виденье              (Анх чамайг олж харсан)

Как гений чистой красоты      (Алтанхан хормыг мартахгүй) гэж А.Пушкины бичсэн алдарт мөрийг оросоор чадан ядан уншвал мөнөөх генерал Горько, горько! гэж хашгирав. Хүмүүс түүнийг түрэн бүдүүн, нарийн хоолойгоор эр, эмгүй хоолойгоо шахан орилолдлоо. Наташка бид хоёр олны хүсэлт, шахалтаар ичингүйрэн их л эв хавгүйхан үнсэлдлээ. Генерал бид хоёрын ирээдүй, сайн сайхны төлөө хундага өргөж:

- Сайхан өгүүллэг бичсэнийх нь төлөө шагнал болгож би Наташкаг энэ монгол залууд өгөхөд бэлэн байна. Ийм авьяастай хүн Наташкаг яавчиг гомдоохгүй гэдэгт би итгэж байна. Москвагийн муусайн цагаан гартай, цагаан захтай юмнууд Наташкаг сургуульд оруулна, кинонд тоглуулна гэж авч явахаар хэд хэдэн удаа надаас гуйсан юм. Би тэднийг мэднэ. Царайлаг, хөөрхөн охид бүсгүйчүүлийг уруу доош татаж амьдралыг нь үрдэг хүмүүс. Би амьд байхдаа Наташкаг тэдэнд өгөхгүй гэж билээ. Тэр үдэш генерал Наташка бид хоёрыг дагуулан гэрт нь очсон юм. Бид нарыг ороход, гэртээ сууж байсан өвөө, эмээ хоёр нь ухасхийн босч генералд хүндэтгэл үзүүлэн хуучин цэргийн ёсоор номхон зогсч ёслолоо. Наташка эмээ, өвөө хоёрынхоо гар дээр өсч, тосгоны дунд сургууль төгссөн ажээ. Генерал , өвгөн, эмгэн хоёроор дайлуулан гарынх нь нэрмэл архийг уух зуураа:

- Би танайд нэгэн том хүн дагуулж ирлээ. Ирээдүйд энэ монгол залуу алдартай зохиолч болж та хоёрыг байтугай энэ тосгоныхоныг ч тэжээж магадгүй. Иймд энэ залууг та хоёр өөрийнхөө хүргэний ёсоор хүлээн авч гадаах тачанк тэргэн дээр ор дэр засч Наташкатай хамт унтуул, ойлгов уу гэхэд өвгөн цэрэг босон харайж, офицер малгайгаа өмссөнөө “Гүйцэтгэе хэмээн ёслов. Сар мэлтийсэн саруулхан шөнө Наташка бид хоёр өвс дэвссэн дөрвөн дугуйтай морин тэрэг нь дээр биесийг тэврэлдэн согтууран үнсэлдэж хэвтэхдээ самогон хэмээх нэрмэл архийг түүхий өндгөөр даруулан уужЧи хөөрхөн, Чи сайхан. Би чамайг хэзээ ч мартахгүй. Би чамд хайртай гэдэг үгсийг мянгантаа давтан, хоёр биесийг түмэнтээ таалан аньсага, сормуус нийлүүлэлгүй үүр цайлгаад түрүүчийн тахиан дуунаар салан одож билээ. Нүдний хор гаргалгүй Наташкатай шөнөжин тэврэлдэн, ноололдсон нойрмог согтуу бивээр өглөө эртлэн буудал руугаа явахдаа түүний шуудангийн хаягийг байтугай овгийг нь ч асуухаа мартсандаа одоо хүртэл харамсаж явдаг юм.

   Олон жилийн хойно нэг удаа Эрхүү мужийн Михайловск тосгоны гоо бүсгүй Наташкад гэж хаяглаад нэгэн захиа явуулсан чинь Наташка хүнтэй суугаад аль эрт Москва руу явсан гэсэн далдхануур доог тохуу хийсэн утгатай шуудангийн тамга цохолт бүхий захидал маань буцаж ирсэнсэн. Түүнээс хойш олон олон он жил улиран одсон боловч би Наташкагийнхаа бараа, сургийг сонсох нь байтугай зүүдэлсэн ч үгүй. Гэтэл саяхан гэртээ санаандгүй сууж байгаад кино найруулагч Сергей Бондарчукийн уран бүтээлийн дурсамж үдэшлэг дээр Наташкагийн царай зүсийг дөч гаруй жилийн дараа зурагтын дэлгэцнээс олж харлаа. Тэр яг мөн байсан, би ердөө чиг андуураагүй. Тийм эрхэмсэг гэгээн охин тэнгэрийг хүний зүрх андуурдаггүй юм. Хорвоо хүнээр ямар тоглож ханах биш дээ. Тэр өдөржингөө оровч гаравч миний сэтгэл шилрээд нөгөө муу даралт хөдлөөд эмэнд ч дарагдахгүй зовоосонсон. Москвагийн цагаан гартнууд Михайловск тосгоноор эргэлдсээр байгаад хөөрхий өвгөн генерал Керинский гуайг очсон хүн буцаж ирдэггүй тэр газар руу явсан хойгуур араар нь эзгүйчлэн Наташкаг аваад явчихсан биз гэж бодогдлоо. Алдарт зохиолч, эрхэм анд Жагдалын Лхагвагийнхаа гайхамшигтай уран гоё өгүүллэгийн буянаар энэ орчлонгийн нэгэн сайхан бүсгүйд таалагдан хорвоогийн жаргалыг эдэлсэн “Мянга нэгэн шөнийн үлгэр“ ийнхүү жаргасан ч хорьхон настай, хонгор зүстэй, үзэсгэлэн гоо Наташкаг миний бие үхэн үхтэлээ яахан тийм амар мартахсан билээ л. Тэнэгхэн залуу насандаа архины манан, ааг охинд мансууран Наташкагийн хаягийг авахаа мартаагүйсэн бол тэр бид хоёр ертөнцийн уул ус, нуур далайн чанадад алслагдан ингэтлээ төөрөлдөхгүй байсан болов уу”.

Р.Чүлтэмсүрэн. “Залуу нас зуны шөнө шиг богинохон” ном. 2022 он. 59-65 дугаар тал.