images

Хусны үндэс болгон эмээлийн бүүрэг болдоггүй


Төрийн шагналт зохиолч Дэмбээгийн Мягмар хуучилсан нь

   “Намайг арван хэдтэй байхад аав минь дагуулан Сэлэнгэ аймгийн Бүрэнгийн нурууны их ойд үе үе явдаг байсан нь санаанаас ер гардаггүй юм. Тэгж явахдаа эмээлийн бүүрэг хийх хусны үндэс хайж явдаг байлаа. Ой хөвч салхинд үелзэн шуугиад, давирхай жийлэнгийн үнэр ханхлаад үнэхээрийн сайхан байдагсан. Аав маань модны үндэс эрж яваа хүн гэхэд үнэмшмээргүй, шуугин найгаж буй моддын оройг нэг бүрчлэн сайтар ажиглаж, тамхиныхаа утааг аажуухан сорсоор өдөржин алхалж, хааяа нэг “Хүү минь энэ хусны үндсийг авъя даа” гэж хэлдэг. Зарим өдөр бүтэн өдөржингөө үг ч дуугарахгүй, үндэс ч ухахгүй өнгөрөхийг алийг тэр гэхэв. Хэрэв хайсан үндсээ олсон бол надад зааж өгнө. Би газрын хөрсөн доороос үндсийг нь ухан гаргаж ирэхэд яг л эмээлийн бүүрэг болмоор бүдүүн нарийн нь ч ив ижилхэн хоёр салаа үндэс гараад ирнэ. Тэгэхэд би балчир ухаандаа газрын хөрсөн доорх хусны үндэсийг авах гэж байж яахлаараа модны орой ширтэн малгайгаа арагш унагаах шахуу зогсдог юм бол оо. Уг нь хус модны орой үзүүрийг биш, үндэс ёзоорыг сайн шинжин харах ёстой баймаар юм гэж гайхан боддог байлаа. Аав минь ийнхүү хөлөө эцтэл, хараагаа чилтэл уйгагүй эрж хайж байж олж авсан хусны үндсээ чийгийг нь дотор нь эгшээнэ гээд газар зуухны галд хэд хоног жигнэн хатаагаад гаргаж ирэхэд мод гэхэд итгэмээргүй цахиур чулуу шиг хатуу болчихсон байдагсан. Тэгээд ган хат нь яг таарсан оолиныхоо үсний тонгорог шиг хурц ирээр нь хусны үндсээ цавчих тоолонд тамхи ороодог нимгэн цаас шиг зоргодос эвхрэн унадаг байлаа.

   Одоо энэ бүхнийг эргэцүүлэн бодоход зохиолч хүн уран бүтээлийнхээ сэдэв, дүр, зохиомж, уран сэтгэмж, оносон үг хэллэг зэргийг тархиа цуцтал олон хувилбараар дахин дахин бодож бүтээл ном туурвидаг нь яг л аавын минь хусны үндэс олохтой адил авьяас, уйгагүй хичээл зүтгэл, ур чадвар, олон жилийн туршлага, хөдөлмөрийн үр шимтэй адилхан юм байна. Аав минь сайн эмээлчин, уран модоч дархан хүн байсан. Тийм болохоор эмээлийн бүүрэг болох хусны үндэсийг таних эрдэмтэй хүн байжээ. Ер нь хус модны үндэс болгон эмээлийн бүүрэг болдоггүй юм байна гэдгийг би хар багаасаа мэдэж авсан”.

Р.Чүлтэмсүрэн. “Залуу нас зуны шөнө шиг богинохон” ном. 2022 он. 98-99 дүгээр тал.