images

Миний зовлонг жаргал болгож өгсөн тэр хүнд талархсанаа хэлнэ


Ахмад орчуулагч Ж.Гэндэндарам гуайн дурсамжаас.

   “Тэр жил би Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд ажиллаж байхдаа Баян-Өлгий аймагт хэсэг ажиллаад Ховд руу явах болов. Тэгтэл Баян-Өлгийн хэлтсийн дарга “Ховд руу таны унаанд нэг хүн дайж явуулна” гэв. Юун хүн болох тухай асуутал "Ховдын шорон руу шилжүүлж байгаа хүн" гэнэ. Шоронгийн хоригдол болж таарлаа. Казах хүн юм байна. Харгалзагч нь түүнийг авч явах юм гэнэ. Би ч “Тэг ээ” л гэлээ. Ингээд Баян-Өлгий аймгаас гарч давхиад нэлээд явтал Цамбагарав уул харагдаж байна. Тэгтэл нөгөө хоригдол надад хандаад “Та энд түр зогсоод өгч болох уу?” гэнэ. Бид ч зогслоо. Тэгтэл нөгөө эр маань их л ёсорхуу байдлаар газар дээр цагаан даавуу дэвсээд, дээр нь идээ ундаа өрж тавиад зүгээр сайхан цайлаад цааш хөдөллөө. Ингээд цааш явах замдаа би нөгөө залуугаас ямар хэрэг тарьчихаад орон шоронд орох болсон тухай, мөн хэр удаан суусан тухай асуув. Түүний хэлэх нь есөн сар орчим суусан гэнэ. Ийн есөн сар суусныхаа хүчинд таван жилийн ялаа гурван жил болгож хөнгөрүүлээд явж байгаагаа хэлж байна. Шоронд их зүдэрсэн эсэхийг нь асуухад тэрбээр “Шорон бол эр хүний шандас шалгасан газар. Зүдрэхдээ зүдэрнэ. Харин би есөн сар суухдаа огт зүдэрч ядраагүй. Өөрийгөө зовж зүдэрч байна гэж бодоогүй” гэж байна. Яаж зүдрэлгүй туулсныг нь асуувал тэр их сонин юм ярив. Түүний ярих нь “Шоронд би Энэтхэгийн зохиолч Брээм Чанд гэдэг хүний “Ядуугийн зовлон” номын гурван удаа уншлаа. Тэр номыг уншаад шоронд би зовж байгаа биш жаргаж байгаа хүн юм байна гэж бодсон. Тэр номонд гарч байгаагаар ертөнцийн зовлон гээч ямар аймаар юм бэ. Гэтэл би шоронд бэлэн хоол идчихээд дулаан байранд хэвтэж байгаа шүү дээ. Тэр бол түүний дэргэд жаргал юм байна гэж бодсон. Одоо би шоронд гурван жил суугаад гарна. Тэгээд Улаанбаатар орно. Гол зорилго бол энэ номыг орчуулсан Ж.Гэндэндарам гэдэг хүнтэй уулзаж миний зовлонг жаргал болгож өгсөн тэр хүнд талархсанаа хэлэх ёстой” гэдэг юм байна. Би:

- Тэр хүн танд олдох юм болов уу?

- Улаанбаатар ороход олдож л таарна даа. Тэр сайхан номын хүн хаа нэг газар ном бясалгаад сууж байгаа биз гэж байна. Тэгтэл надтай хамт явсан Ховдын НАХЯ-ны хэлтсийн ажилтан:

- Та тэр хүнтэйгээ уулзчихсан юм биш биз? гэвэл нөгөөх чинь:

- Хээцс, зах хязгаарын нэг муу нягтлан тийм мундаг хүнтэй уулзана гэж юу байхав гэж байна. Тэгээд би тэр хүн чинь би байна гээд өөрийгөө шууд хэлэлтэй биш нэлээд хэсэг явлаа. Тэгж байгаад би “Тэр Гэндэндарам гэдэг хүн чинь би байна” гэвэл нэлээд том харж цочсоноо “Юу? Таныг чинь НАХЯ-ны хүн гэсэн биз дээ?” гэнэ. Би  “Тийм ээ” л гэлээ. Тэгтэл нөгөө эр “Ээ чааваас, би их төөрөлдөж явсан хүн байна. Тэр НАХЯ гэдгийг би ногоон малгайтай, нэг ташаандаа сэлэмтэй, нөгөө ташаандаа гар буутай хүн байдаг байх гэж бодож явлаа. Тэгтэл гадаадын тийм сайхан зохиолыг монгол хэлээр орчуулдаг хүн тэр яаманд ажилладаг байх нь. Тэр яам их өөр болжээ” гэж билээ. Тэгээд “Миний зовлонг жаргал болгож өгсөн танд маш их талархаж явдаг. Одоо үүнээс өөр барих юм алга” гээд дор нь цүнхнээсээ нэг шил архи гаргаж өгч байж билээ, тэр залуу”. 

Эх сурвалж: “25 дугаар суваг” телевиз. “Танайд хоноё” нэвтрүүлгийн хэсгээс