images

“Алтанзул”


   СЗГ, хөгжмийн зохиолч И.Болоож “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэгт "Алтанзул" дууны түүхийг хуучлахдаа “1980-аад онд Польшийн кантри стилээр дуулдаг амьд хөгжмийн хамтлагийг их сонсдог байлаа. Тэр хамтлагийн хэв маяг таалагдаж, яг тэдэн шиг өнгө аястай дуу зохиохыг хүссэн юм. Нэг хэсэг дуу хийгээд Зохиолчдын хороогоор батлуулах гээд очихоор миний дуунуудыг мөд баталж өгдөггүй байв. Би залуу хүүхэд байсан учраас зарим дуунууд маань үзэл сурталтай нь зөрчилддөг байсан биз. Харин Д.Пүрэвдорж, Ш.Дулмаа хоёр яруу найрагчийн шүлгэнд ая хийхээр хурдан батлагдчихдаг. Энэ нэг ёсны заль ч гэлээ эрхэм хүндтэй хүмүүсийн шүлгээр чанартай дуу хийх ёстой гэж боддог” хэмээн ярьжээ. Харин СГЗ, яруу найрагч Ш.Дулмаа “Тухайн үед Байгаль орчны яамнаас байгаль хамгааллын сэдэвтэй шүлгийн уралдаан зарласан юм. Тэр уралдаанд зориулж энэ шүлгээ зохиож, дэд байр эзэлсэн. Шүлгээ бол вансэмбэрүү цэцгийг бодож бичсэн. Хосоор ургадаг тэр цэцгийн нэгийг нь таслаад хаячих юм бол ямар хэцүү байдалд ордог билээ дээ. Байгалийн үзэсгэлэнт төрх, хайрлах хамгаалах сэтгэл, яруу найраг гээд аль аль талаас нь бодолцож бичсэн. Дараа нь шүлгийн түүвэр номдоо оруулж хэвлүүлсэн” гэжээ. Ингэснээр хөгжмийн зохиолч И.Болоож тэрхүү шүлгийн түүврийг үзэж суухдаа “Алтанзул” шүлгийг олж харсан байна. Улмаар өөрийн төсөөлсөн аяа зохиож дуусаад “Өргөө” хамтлагийнхаа амьд тоглолтод дуулж эхэлжээ. Гэвч төдийлөн олон хүнд хүрсэнгүй. Харин үүнийг "Соёл-Эрдэнэ" хамтлагийн дуучин Баяр авч дуулснаар илүү олон хүнд хүргэсэн байна. 

25 дугаар телевизийн “Дуу төрсөн түүх” нэвтрүүлгээс.