images

Маршал ямар хүн байв?


Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн дурсамжаас. 

"Ч.Чимид өгүүлсэн нь:

- Өвгөн чинь орос 10 жилийн сургууль төгсөөд хойшоо сургуульд явна гээд дотроо шийдчихсэн байлаа. Аав тэгэхэд маршалын комиссар, би ч бас хүүхдийн шүлгээр бэлэг авч байсан болохоор намайг сургуульд явахад маршал дэмжинэ гэж бодоод бардам байсныг хэлэх үү. Маршал Туулын хөвөөнд гэртэй зусч байхад нь аавыгаа дагаад очлоо. Аав намайг сургуулиа сайн төгссөн, хойшоо сургуульд явуулах санаатай гэдгээ маршалд хэлэв. Гэтэл санаандгүй юм болж маршал надад чөдөр өгөөд монголоор нэрлэ гэж гурван зүйл асуулаа. Би гэдэг амьтан таг суув. Маршал “За хө, чамайг гадаадад явуулахгүй. Чи орос хэлээ сайн сурсан ч гэсэн монгол хэлээ сураагүй байна. Улсын их сургуульд ор” гэдэг байгаа. Тийнхүү би алга, сум, чагт гэдэг гурван үгнээс болж гадаадад явж чадаагүй. Гэвч Монголдоо сурснаар аль аль хэлэндээ тэгширч зүгширсэн юм"

   Чимидийн аав Чойжил гуай өгүүлсэн нь:

   "Маршал ер нь сонин хүн байсан юм. Ээлжийн комиссар би нэг шөнө гэдэс жаахан өлсөөд байхаар нь хөргөгч онгойлгоод үзсэн чинь өвчүүний бүдэрхий байна. Аваад цохьчихлоо. Маргааш нь маршал дуудаж байна. Хэцүү цаг болохоор их ч айж очлоо. Маршал их ууртай байна.

- Хөргөгчинд байсан өвчүүний бүдэрхий яасан бэ?

- Маршал аа, би... гээд шилээ маажлаа.

- Улсын маршал нь өвчүүний бүдэрхий тавьж хоноод өглөө идэж болохгүй юу гээд баахан муухай харснаа “Дахиад тэгвэл үү, сайхан мэдээрэй” гээд явуулж билээ. Түүний дараахан би байршлыг нь засаж сайн хүн болох гэж салгалж байгаад Японоос ч билүү бэлэглэсэн нэг гоё ваар шатны тавцанд байсныг нь алдаад хагалж орхив оо. Ухаан алдчихлаа. Өвчүүний бүдэрхий дээр тэгсэн юм чинь энэ үнэтэй эд дээр толгойгүй гэж бодоод чичрээд хамахчаа болж байтал маршал шатаар бууж ирэхдээ харчихаад “Чойжил оо, сайн цэвэрлээрэй. Хүүхдийн хөл гарт орчих вий” гэчихээд яваад өгсөн. Ер нь том юманд тоодоггүй хүн байсан даа".

Д.Пүрэвдорж. “Улаан гэрийн хоригдол” ном. 50-51 дүгээр тал.