images

“Чингис” шүлгээ сэтгэлийн нударга зангидаж, шүтэн биширч бичсэн


   Яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж 1962 онд бичсэн "Чингис" шүлгийнхээ талаар 38 жилийн дараа өгүүлсэн нь. 

   "Алс газар суухад эх орон Монголоо санахын гансрал, жаргал хоёрыг би Москвад эдэлж, үндсэрхэх үзлийн омгорхол төрсөн юм. Зөвлөлтийн холбооны улсын оюутан зохиолчид Оросын мэдэлд орсноо гутран ярихыг олонтаа сонсч билээ. Халимагууд яргалуулж цөлөгдсөн, буриадууд гурав хуваагдсанаа ярин гасалж “Та нар ч азтай улс” хэмээн атаархана. Буриадын нэрт зохиолч Батжавын Дашравдан “Хаашаа гэж бид чинь мангадуудын боол болж суух юм. Хөх монголчууд хөх тугаа бариад ирээч. Бид цагаан туг барьж угтана” хэмээн халамцуугийн аагаар бүр оросуудын дунд хашгирч билээ. Монголд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх сураг дуулаад биднийг бүр шагшин сайшааж, монголчуудын ухаантай, овсгоотой, эрх чөлөөтэйг гайхаж байсан даа. Оросын түүх сонсч суухад тэдний хаадын байлдан дагуулал нь чөлөөлөлт байдаг. Монголынх болохоор цустай түрэмгийлэл болдог нь миний дотор үүрлэж байсан үзэл бодлын хөрөнгийг исгэхэд бас мэдээж нөлөөлөө биз.

   Би “Чингис” шүлгээ сэтгэлийн нударга зангидаж, шүтэн биширч бичсэн юм. Их эзэн миний өмнө энгээрээ босч ирээд “Магтаал бус, түүхийн хатуу үнэнийг зоригтой өчтүгэй” хэмээн айлдаж байх шиг санагдсан нь магадгүй уг шүлгийн эрчийг нийтгэсэн болов уу. 1962 онд Монголын зохиолчдын III их хуралд оролцохоор Улаанбаатар нисэв. Их хурлын хоёр дахь өдрийн хуралдаан дээр Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир үг хэллээ. Завсарлагаар нөхөдтэйгээ ярилцан зогсож байтал нөгөө дарга биднийг чиглэн ирэхэд нь зам тавьтал шууд надтай мэндэлж гар бариад гэртээ урив. Учир нь тэдний хүү Галбадрах манай сургуульд сурч, надтай бүр нэг өрөөнд сууж байсан болохоор захиа дамжуулчихсан байсан юм.

   Том даргын урьсан цагт баахан халширч байгаад гэрт нь орвол манай Ж.Пүрэв ирчихсэн сууж байна. Бид зоогийн ширээний ард сууцгаан хундага өргөв. Гурав дахь хундаганы дараа бие тавигдаж зориг орсон би Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай лавлахад Д.Төмөр-Очир гуай босч, нэлээд зузаан бичиг авчраад “Нацагдоржийн илтгэл энэ. Эхнээс нь харж сууна. Хөшөө босгох ажил гайгүй явж байгаа. Гол нь хөшөө, хурал хоёр” гэх зэргээр тайлбарлав. “Би ойд зориулж нэг шүлэг бичсэн юм” гээд халааснаасаа гаргатал “Унш унш” гэнэ. Хоёр ч дахин уншуулав. Тэгтэл гэргий нь орж ирэхэд “Наашаа суу, шүлэг сонс. Шүлэг гэж юу байдгийг сонс” гэхийг дуулаад санаанд нь таарсныг мэдэж би зоригтойхон шиг дахин уншив. Д.Төмөр-Очир гуай нэлээд дуугүй сууснаа “...нумын хөвчнөөс төрсөн... сумын зэвнээс гарсан гэдгийг ...төрөөгүй, ... гараагүй... гэвэл ямар вэ? Ерөөсөө л хүн алах гэж төрсөн гэдэг хүмүүс өлгөж аваад байж мэдэх юм” гэснээр энэ хоёр үгийг сольсон юм.

   Москвад буцаж очсон хойноо гудамжны самбарт өглөөний “Правда” сонин шагайвал “Монголд Д.Төмөр-Очирыг чөлөөлөв” гэсэн бяцхан мэдээ байж билээ. Энэ явдлаас хойш удалгүй Элчин сайд Лувсан намайг дууджээ. Очвол сайд байсангүй. Хуучин танил Хунжаваас тандвал “Нөгөө "Чингис" шүлгийн тухай л байх” гэлээ. Гартал далбаа мандуулсан хар тэрэгтэй халз туллаа. Би Элчин сайдад ирсэн учраа хэлбэл “Чингис" шүлгийг Д.Төмөр-Очирын даалгавраар бичсэн үү?” гэж лавлаад "Өдөр гурван цагаас өмнө мэдэгд гэж Лувсанравдан шаардаад байна” гэлээ. Би “Ой болгоноор шүлэг бичдэг. Энэ удаад ч Төв хорооны тогтоол гарсан гэж дуулаад шүлэг бичсэн. Д.Төмөр-Очир надад даалгаагүй. Харин би үзэл суртал эрхэлсэн даргын хувьд үзүүлсэн” гэлээ. Элчин сайд “Би учрыг нь хэлье. Юм үнэнээрээ сайхан. Хичээлдээ яв” гэв. Хэрэв Лувсан гуай цээжээрээ хаагаагүй бол тэр утасдаад байсан, Төмөр-Очирын хэлснээр “Цэдэнбалын бороохой” яаж балбах байсныг бүү мэд.

   “Чингис” шүлэг “Утга зохиол” сонинд хэвлэгдсэн нь Ч.Чимидэд Д.Төмөр-Очир гуай өгсөн юм билээ. Үзэл суртлын ажилтнуудын улсын II зөвлөгөөн “Өлзий бусын Чингис хааныг шагшин магтсан” гэж цоллосон шүлэг бид хоёрыг албан ёсоор үндсэрхэг үзлийн жишээ болгон тунхагласан юм. Гэвч тэр үеийн “Улаан хуаран” дотроос сэтгэл даргилан хашгирсан хоригдлын ам хөлдөнө гэдгийг би мэдэж байсан боловч өөрийн өчүүхэн турсагыг хуулуулахаас айгаагүй билээ".

Д.Пүрэвдорж. “Улаан гэрийн хоригдол” ном. 2000 он. 114-116 дугаар тал.

Чингис  

Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм

Тэмүүжин-сумын зэвнээс гараагүй юм

Тэмүүжин-Өэлүн эхээс төрсөн юм

Тэмүүжин-өрлөг түүхээс гарсан юм.

     Амар заяа хомс доголон нулимст хорвоод

     Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд

     Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч

     Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм.

Оонын халиун зоо шиг Халхын саруул талд

Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм

Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас

Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм.

     Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг

     Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж

     Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн

     Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм.

Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт

Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж

Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд

Хөө хуяг нөмөрсөн их Монгол дэвсэн юм.

     Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархлаж

     Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж

     Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт

     Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм.

Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж

Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм

Хүлэг морьдын туурай өрнө дорныг цөмлөж

Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгисэн юм.

     Тийм ээ! Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй

     Тийм ээ! Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй

     Тийм ээ! Чингис өндөр Алтайн зартай юм

     Тийм ээ! Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм.

Хойч үедээ тэр хар буруу санаагүй

Хорин гангийн гачаалд хатан Онон ширгээгүй

Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан

Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан

     Ямар ч байсан Чингис хангарьд шиг хальж

     Ял, гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм.

     Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд

     Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм

Чингис-нумын хөвчнөөс төрөөгүй юм

Чингис-сумын зэвнээс гараагүй юм

Чингис-Өэлүн эхээс төрсөн юм

Чингис-Өрлөг Монголоос гарсан юм.