images

Дүүгээ ийм мундаг бөх болсон гэж бодсонгүй


Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Сэр-Од бөх болсон замналынхаа талаар сэтгүүлч П.Санаадагватай хуучилсан нь:

   “Би Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. Долоон нас хүртлээ Гурванбулаг суманд байлаа. Хурдны морь унаж, даага сургаж явлаа. Их дэггүй хүүхэд байсан гэж хүмүүс ярьдаг. Тэгээд манайхан Шинэжинст сум руу шилжсэн юм. Энэ мөчөөс л анх миний бөх болох гараа эхэлсэн гэж үздэг. Дараа нь манайх хот руу шилжээд Дэнжийн мянгын гэр хороололд байдаг болсон. Манай том эгч намайг барилдуулах дургүй. Секцэнд явах нэрээр гадуур тэнэлээ, нүүрс түлээ бэлд гээд л загнана. Би бас боксоор хичээллэнэ. Боксоор хичээллэхээр гараараа сахилгагүйтээд болохгүй юм билээ. Тэгээд бөхөөр хичээллэж эхэлсэн. Нэг өдөр Баянзүрх уулын овоо тахилгын наадам болно гэв. Манай том эгч хүргэн ах хоёр найзуудтайгаа тэр наадамд явахаар болоход нь би эгчээс наадамд дагуулаад яваач гэж гуйхад эгч халгаасангүй. “Чи очоод ганц давахгүй тэр хол газар очиж байхаар ус түлээгээ бэлдээд гэртээ байж бай” гээд намайг орхиод явлаа. Нэг найзтайгаа ярьсан чинь овоо тахилгын наадамд барилдах бөхчүүдийг Спортын төв ордноос автобусаар авч явна гэсэн гэлээ. Тэгэхээр нь Спортын төв ордон дээр ирээд автобусанд суучихлаа. Очиж барилдаад нэгийн даваанд нэг аймгийн арслантай таарч давлаа. Хоёрын даваанд Гачууртын бас нэг аймгийн арслантай таарч давлаа. Гурвын даваанд Х.Түвшинсанаа начинтай таараад давчихлаа. Тэр наадамд долоон улсын цолтой бөхтэй нэг цолгүй бөх үлдсэн нь би байсан юм. Уг наадамд би Увсын Ж.Ганболд заантай үзүүрт үлдэж 45 минут барилдаж унаад Ж.Ганболд заан түрүүлэв. Тэнд Бөхийн холбооны дэд тэргүүн П.Даваасамбуу гэж сайхан буурал ирсэн байлаа. Тэр хүн Б.Бат-Эрдэнэ аварга гэх мэт олон бөхчүүдийг таньж бөхийн замд оруулсан буянтай хөгшин. Тэр хүн ирээд “Энэ хүүхэд удахгүй улсын цол авах ирээдүйтэй хүү байна. Хаана юу хийдэг вэ?” гэж надаас асуув. Би тэр үед есдүгээр ангид байсан юм шүү дээ. Тэгээд “Одоохон энэ хүүг дээд сургуульд оруулъя” гээд Х.Баянмөнх аваргад хэлсэн. Х.Баянмөнх аварга Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн урилга өгч миний холбоо барих утас, гэрийн хаягийг авсан юм. Тэр өдөр эгч маань “Дүүгээ ийм мундаг бөх болсон гэж бодсонгүй” гэсээр бөөн баяр болчихсон, баахан хуушуур барьчихсан ирээд үнсэж билээ. Эгч минь дараа жил нь долоо хоног хуруугаа зүүгээр шивэн байж зодог шуудаг урлаж өгсөн. 1998 онд эгч минь надад тэрлэг, далбаа, шуудаг хийж өгч, эгчийнхээ тэр сайхан сэтгэл шингэсэн далбаа шуудагтайгаа зодоглож тэр жилээ аймгийн арслан болж байлаа".

П.Санаадагва. “Баримт ноёны тушаалаар” ном. 259-260 дугаар тал.