images

“Тютюизм”, “сунтагтизм” гэж юу вэ?


   "М.Горькийн сургуулийн халуун төмс идээд толгой нүцгэн гарсан исгэлэн найрагч би нутагтаа ирлээ. Идээнд ам хүрч аяга цай ёроолдох зуур Ч.Чимид, Ц.Гайтав, С.Эрдэнэ, Б.Явуухулан, С.Дашдооров нар сүргээрээ ирж бөөн баяр болов. Тэд яриан дундуур “Наад Дооровоосоо болгоомжлоорой. Баахан амьтан сүйд хийсэн шүү” гэж инээлдлээ. Дооров ер нь болдоггүй хүн. Ц.Гайтав бид шиг нэг муу хоч зүүгээд хаячихгүй, гэнэтийн ямар нэг дэгээгээр хүнийг гохдож дамшиглана. Тэр гайхал “тютюизм”, “сунтагтизм” гэсэн хоёр золбин үг зохион бодож баахан зохиолчдыг гал алдуулж л дээ. Тэрбээр Польш яваад ирсэн Ж.Пүрэвээс:

-Тэнд чинь “тютюизм”, “сунтагтизм” гэсэн урсгал гарсан гэх юм, та дуулав уу? гэхэд,

-Байна аа, байна. Тютюизм ч байна, абстранизм ч байна. Ер нь их зовж байгаа орон байна. Би та нартаа дараа тодорхой ярина гэжээ. Б.Явуухуланг Унгараас ирэхэд нь бас гэндүүлж асуувал,

-Яруу найраг нь алга. Харин театр хавьд байх шиг байна гэжээ. Ч.Лхамсүрэнг М.Горькийн сургуулийн дээд курсээс ирэхэд нь асуувал,

-Мэдэхгүй л дээ хө,

-Танайд заасан гэсэн дээ?

-Өвгөн нь ойлгосонгүй л дээ гэжээ. С.Сандагаас С.Эрдэнийн дэргэд,

-Чи бид хоёрыг Лермонтовын ойд явахад яриад л байх шиг байсан. Би орос хэлэнд муу болохоор учрыг нь олоогүй. Чи хэл устай хүн лав мэдсэн байх гэхэд,

-Тэр үү? Тэр чинь уламжлалыг үгүйсгэх үзэл гэхэд нь хажууд нь суусан С.Эрдэнэ “Түй” гэжээ. Ж.Бадраа гуайгаас асуухад,

-Сунтагтизм... сунтаг... самгард үг... гээд хөөргөө няслахад нь хажуунаас нь хар авахуулж юм хэлүүлээгүй байна. Надаас асуух гэж уг нь оноож байсан юм билээ. Хэрэв асуусан бол дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүн мэдэхгүй гэлтэй биш нэрэлхэхдээ юу гэж бурах байсныг бүү мэд. Ер нь С.Дашдооровтой хамт байхад нэгэнтийн довтолгоонд ямагт бэлэн байхгүй бол болохгүйг цөм мэддэг байсан юм.

Д.Пүрэвдорж. “Улаан гэрийн хоригдол” ном. 126-127 дугаар тал.