images

“Дуутай амьдрал”


   “Дуутай амьдрал” дууг анхлан яруу найрагч М.Цэрэнтогтох зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарт зориулан бичжээ. Тэрбээр өөрийн сонсож өссөн дуучдынхаа нэвтрүүлгийг үзэж суухдаа уг санаагаа олсон гэнэ. Энэ талаараа “Миний 108 дуу” номондоо өгүүлэхдээ “Эрхэм хос дуучин маань 40 гаруй жил дуулахдаа Монгол орноо хэдэнтээ бүтэн тойрч саранд хүрэх хэмжээний урт аяны замыг хамтдаа туулсан нь үнэхээр сэтгэл гэгэлзүүлэв. Сар дэлхийгээс 384 мянган км гэж тооцвол ямархан урт замыг дуулж туулсан нь дэндүү бахархалтай” хэмээжээ. Тэгээд бахархан хүндлэх сэтгэлээр шүлгээ бичиж дуусгаад хадгалж явсаар нэг өдөр ая зохиогч, дуучин Г.Мөнх-Амьдралд очиж үзүүлтэл зургийг нь дарж аваад нөгөө өрөөнд ороод суучихсан гэнэ. Хэсэг хугацааны дараа амандаа дуу аялсаар гарч ирсэн нь энэ дуу төрсөн агшин ажээ. Ингээд дууныхаа эздэд уран бүтээлээ утсаар хэлж дуулгасанд маш сайхан хүлээн авч, маргааш нь эзэндээ очжээ.

М.Цэрэнтогтох. “Миний 108 дуу” номоос.