images

“Сэтгэлийн хөг”


     “Xөх хотоос ирмэгцээ Ганхуяг, Сараа нар хоорондоо сайтар ярилцсаны эцэст нэг хэсэг тусдаа амьдрах шийдвэр гаргажээ. Энэ бол учирснаасаа хойших таван жилд тэдний гаргаж буй хамгийн хэцүү боловч эргэлзээгүй шийдвэр байлаа. Төдөлгүй Ганхуяг ярилцсанаараа Цооцоо ээжтэй хэсэг хугацаанд амьдрахаар нүүж, Сараа гэрээ сахин үлджээ. Гунигтай, эл хуль, хоосон мэдрэмж. Гэвч энэ мэдрэмжид ямар ч юм нэг аялгуу байсан нь бүсгүй өөрөө үүнийг хүссэн явдал юм. Хаалга тогших чимээнээр гүйхээрээ очиж тайлсан тэрбээр хөгжмийн зохиолч Балхжав, яруу найрагч Бат-Орших нарыг хараад ер гайхсангүй. Тэд бол уран бүтээлийн хамтрагчид.

-Бид хоёр салчихлаа хэмээн эцэст нь Сараа гэнэтийн зочиддоо хандаж хэлжээ.

-Чамд шинэ дуу авчирлаа.

   Балхжав бол маш сайн анд. Хамтран ажилладаг дуучдынхаа сэтгэлзүйг ойлгодог, хэцүү үед уран бүтээлээр нь өргөж чаддаг нэгэн. Сараа зочдын өрөөний цонхоор өөрийнх нь сэтгэл шиг эзгүйрчихээд байгаа мэт санагдах төв гудамжийг ширтэн зогсоод "Сэтгэлийн хөг" дууг сонслоо...

Уйлах юм, зүрх минь

Юундаа ч уйлдаг юм билээ дээ

Уйдах юм, сэтгэл минь

Хэндээ ч хэлдэг юм билээ дээ

Битгий намайг хайрла даа гэж

Би чамд хэлээгүй...

   Яагаад ч юм энэ шинэхэн дуу Сараагийн одоо байгаа байдлыг хэлээд байх шиг. Гунигтай, гэгэлгэн бас гэнэн, тэгээд ганцаардмал. Тэгсэн хэрнээ цаанаа л бардам.

-Би энэ дууны нэрээр тоглолтоо нэрлэмээр байна. Цонхны хөшиг салхинд сэвсхийн хөдлөх мэт Сараа хөнгөнөөр ийн хэллээ. Ийнхүү шинэ уран бүтээлийн ажил эхлэв. Хуягаа, Сараа хоёр салсан боловч уран бүтээлийн хувьд салалтын тухай ярих дэндүү эрт бололтой. Сараагийн анхны бие даасан тоглолт болох "Сэтгэлийн хөг"-ийг Ганхуяг найруулахаар ажилдаа оров.

Р.Эмүжин. “Зууны дуу хоолой: Би Сараа” номоос.