images

"Манай цэргийн жавхаа"


     Монгол цэргийн сүлд дуу болтлоо алдаршсан “Манай цэргийн жавхаа” дуу өнөөдөр радио, телевизээр эгшиглэж, цэргийн хуаран, хилийн анги застав бүхэнд хангинан, цэргийн жагсаалын болон ёслолын сүлд мэт түгэн дэлгэрчээ. Энэ дууг хөдөө аймгийн жирийн нэг нягтлан бодогч зохиосон нь сонин. Дундговь аймгийн санхүүгийн хэлтсийн нягтлан бодогч Т.Жалбуу гэдэг хүн  цэргийн болон аймаг орон нутаг, төвийн сонинд идэвхтэн бичигч, хааяа дууны шүлэг бичиж нийтлүүлдэг хүн байжээ. Энэ дууны шүлгийг зохиогоод 1970 онд цэргийн "Улаан Од" сонинд нийтлүүлсэн байна. Хожмын Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Шагжийн Гунаа-Аажав сонинд гарсан шүлгийг үзээд ая хийж Цэргийн ансамблийн “Жаран хар” хэмээх найрал дуучдаар анх дуулуулж олонд хүргэжээ. 2017 онд Цэргийн дуу бүжгийн чуулгын дэргэд энэ дуунд зориулан хөшөө босгосон түүхтэй.