images

Бийск хотноо бэлэг хүргэсэн минь


Үргэлжлэл...

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ховд аймгийн Манхан сумын иргэн Борондонгийн Лувсан гуайн дурсамж

   “...Тэр үед зөвлөлтийн эрчүүд нь бараг бүгд фронтод тулалдахаар явсан тул хүүхэд, эмэгтэйчүүд үлдсэн боловч бидэнд үнэхээр их тусламж үзүүлж байв. Ингэж л цуваа явахгүй саатсан үед тосгоны эмэгтэйчүүд гарч ирээд гадуур хувцасаа тайлан хаяад хөр цасанд дунд ханцуй шамлан бидэнд туслаж урам зоригийг сэргээдэг байлаа. Хоног таарсан тосгодод оройд заавал бидэнд зориулан бүжиг танц зохион бүжиглэж хуурдана, ганц нэг шил архи дарс гаргана. Жинчид бидний замд Хөшөө мод, Алуушаа, Онгудаа, Шавилан, Маймаа, Найна, Бийск хотуудад амрах тусгай байр бэлтгэн бүжиг танц, дуу хуурт урихад жинчид зузаан нэхий дээлээ эргүүлж нөмөрсөн дахтайгаа ороход эмэгтэйчүүд "баавгай ирлээ" хэмээн алга нижигнүүлэн угтаж ядарч зүдэрснийг маань арилгаж сэргээдэг байлаа. Чуйн хавцлын битүү цасан хучлагатай зарим газар хоноглохдоо майхнаа татаж гудсаа дэвсээд унтахад өглөө нь гудсын ормоор цас нь хайлсан байдаг сан, залуу насаа гэж. 12 сард юмсан эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чекет аманы даваа өөд 8 дугаар багийн жинчид бид 2 метр зузаан цастай 400 орчим метр газрыг 2 хоног малтан арайхийн туулаад байтал араас жингийн цуваа гүйцэн ирлээ.

   Цааш нь Зөвлөлтийн тосгоны 40 орчим хүүхэд, 20 гаруй эмэгтэйчүүдтэй хамтран дахин цас малтан урагшилж байтал ахмад настан Тэгшжаргал гуай ядран ухаан алдаж унахад бид сандралдан яах учраа олохгүй байтал Тамара гэдэг эмэгтэй хөхнийхөө сүүг саан аяга дүүргээд өгч туслаж байв. Тэр 400 метр замд бид хамтран 10 метр өндөртөй цасан хашлага босгож байж ачаатай тэмээдээ давуулж билээ. Бид шуудай шуудайгаар хусны мөчир бэлтгэн авч орой бүр тэмээддээ нэг нэгийг нэмэгдэл тэжээл болгон өгч явсан. Явсаар Бийск хотод дүн өвлөөр ирж үнэт ачаа бэлгийн зүйлээ буулгацгаав. Бийскийн бараа баазад урал ЗИС-5 машинууд дугаарлан зогсож цэргийн дарга нар угтан ачаатай тэмээг хэвтүүлэлгүйгээр машинтай зэрэгцүүлж байгаад хоёр хоногт багтаан бэлгийн ачааг хүлээн авсан юм. Албаны хүмүүс бидний бэлгийг тун удахгүй улаан армид хүргэх болно гэж байлаа. Жинчид хүн тэмээгээ 3 хоног амраагаад буцах боллоо. Би ч яахав жингийн даамал хүн томоотой. Миний нас чацуу Луузан, Лхамсүрэн нар олон танилтай болсныг би мэднэ. Гэхдээ тэр хугацаанд залуу миний бие Валя гэдэг бүсгүйтэй танилцлаа, бид хэл нэвтрэлцэхгүй ч ойлголцож л явлаа. Дараа нь энх цагт нэг биш удаа Бийскээр дайран явахдаа тэдэнтэйгээ таарсангүй. Оросууд овог хэрэглэдгийг мэдэхгүйгээс дахин уулзаж чадаагүй юм даа. Биднийг буцахад хэдийгээр дайны хүнд үе байсан боловч Оросууд манай цуваанд улаан будаа, гурил, элсэн чихэр, ёотон, цай, даалимба ачуулан буцаав. Фронтод бэлэг хүргэх хүнд хэцүү аяллын үеэр миний мэдэж авсан бас нэгэн зүйл бол монгол мал тэр дундаа тэмээний тэсвэр тэвчээр хүч чадал байлаа.

   Алдарт хэцүү Чекет аманы даваа давахад зарим тэмээндээ 2-5 тэмээний ачаа ачин зүтгүүлж байлаа. Тэмээнээсээ хэд дахин том ачаа дайвалзан мөн ч сүртэй аймаар харагдана. Нэг ч ачаа орхих эрх бидэнд байгаагүй. Өвлийн хүйтэн шөнө тэмээд 4-10 ширхэг 20 см бургасны мөчир хэвж хоноод маргааш нь хүч чадал нь сэлбэгдэн босж ирнэ. Хивлэг алдсан тэмээнд 8-10, өлдөөгүй тэмээнд 4 ширхэг бэлтгэсэн бургас өгнө. Замд бэртэж гэмтсэн эсвэл эцэж туйлдсан тэмээгээ орхиод явах үнэхээр хэцүү. Орхиод явахад тэмээ нулимс асгаруулан буйлна. Жинчид цурхиртал уйлалдан эргэж харцгаана. Орхисон тэмээний ачааг хамгийн сайн тэмээндээ нэмэн ачна. Хамгийн чадалтай сайтай тэмээд гэвэл манай сумын малчин Ядамсүрэнгийн бор, Пунцагийн хөх, Лувсангийн бэц улаан, Баатарын цайвар, Цог-Очирын хөх, Балсангийн шар, Гончигийн улаан, Нойровын далиу хүрэн, Содномын мэлтгэр хүрэн, Жамбын аяс хүрэн, Батын шар атнууд байлаа. Ялангуяа ямар ч хол жинд явсан ч улдах гэж мэдэхгүй, бөх нь ширээ ирдэг Зэрэг гол багийн Жамбын аяс хүрэн атыг мэдэхгүй орос, монгол хүн байгаагүй. Намар жинчид Жамбаас хүрэн атыг нь гуйж авч авна, тэд Жамбын хүрэн ат уулын өндөрт түшиг болно, эзгүй газар эр хүнд сүр болно, аяс хүрэнтэй явахад муу хүн, чоно хоёр ч халдаж чадахгүй, аяс хүрэнг авч явахгүй бол ачаа бараагаа бүрэн хүргэж чадахгүй гэж ярилцдаг сан. Мэлтгэр нүдтэй аяс хүрэн гэдэг энэ цуутай атнаас 20 кг ноос гардаг байлаа. Тэдгээр атнууд бүхий л замын туршид 300-500 кг ачаа тээж байв. Бид Найна гэдэг тосгоны ойролцоо нэгэн айлд Жамбын өөр нэгэн шар атны тавхай нь салбараад явж чадахгүй болсон тул захиж орхиод явлаа. Биднийг бараг хоёр сарын дараа буцаж ирэхэд хөөрхий тэр тэмээ яг л орхисон газарт хүлээж байснаар барахгүй жингийн анир авсан уу яасан урдаас маань 5 км газар тосон догонцон очиж бүх тэмээ, жинчдийг үнэрлэн нулимс бөмбөрүүлэхэд жинчид бүгдээр өрөвдөн амраг хань ахан дүүстэйгээ уулзсан мэт болж тэмээг минь харж байсан орос нөхөртөө бэлэг өгч билээ. Монгол хүн, монгол мал хоёр хаа ч явсан элэг нэгтэй байдгийг бид тэр үед ингэж мэдсэн юм. Биднийг нутагтаа буцан иртэл тэр тэмээ жингийн гол дундаас ганц ч удаа гараагүй юм. Зам зуур бүх тэмээд ганцхан нутгийнхаа зүг харан хэвтэнэ. Бүр Бийск хотод өндөр барилга том хашаан дотор ч нутгийн зүг харан хэвтсэн байдагсан. 1943 оны 5 сарын 5-нд бид Манхан сумандаа буцаж ирсэн юм. Ингэж бид ирэх очихын 2700 гаруй км замыг тэмээн жингээр 230 орчим хоног туулан даалгавраа биелүүлэн Оросын ард түмэнд фронтод хүргэх бэлгийн цуваа даалгаварт ажлаа дуусгасан. Урт замд бид гутал, хувцсаа тайлалгүй, гар нүүрээ ч угаалгүй явсан юм. Энэ явдлаас хойш 57 жил өнгөрсөн боловч бүх зүйл миний санаанд өчигдэр мэт л тодхон байна.

   2005 оны хавар өвгөн дайчин миний бие Ховд аймгийн төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул, Бийск хотуудад хүрч Оросын ард түмний аугаа их ялалтын 60 жилийн ойн баярт оролцох завшаан тохиосон юм. 1942 оны өвөл 10 хоног явж арайхийн давж байсан Чекет Аманы давааг бид 2 цагт туулан гарлаа. Тэнд тавьсан засмал зам үнэхээр гайхалтай юм. Хилийн захын хот тосгодоос эхлүүлэн замын туршид дайнд оролцсон ахмад дайчин эрэлхэг хөвгүүд, охидын дурсгалд зориулсан самбаруудыг өлгөн байрлуулсныг хараад, энгэртээ одон тэмдгээ гялалзуулсан ахмадаа хүмүүс хүндэтгэн хайрлаж байхыг үзээд дайны хүнд өдрүүдийг ямар их тэвчээр сэтгэлийн тэнхээгээр туулж байсныг нүдээр үзсэн хүний хувьд би үнэхээр баярлаж байлаа. 5 сарын 6-ны өдөр Барнаул хотын В.М.Шукшины нэрэмжит драмын театрт болсон ялалтын баярын хурал дээр надаар үг хэлүүллээ. Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын цувааны ахлагч Б.Лувсан гэж зарлаж байна. Миний хэлсэн үгийг орос хэлний багш Д.Нямаа гэдэг бүсгүй орчууллаа. Хуралд оролцогсод баярлаж хөөрөөд алга ташин хашгиралдаад бэрх юмаа. Хэлсэн үг маань тэдэнд таалагдсан бололтой. Хурал дээр бид Бийск хүрсэн жингийн цувааныхаа гэрэл зургийг дурсгал болгон өгсөн юм. Хурлын дараа 1000 хүн оролцсон хүлээн авалт болж хамгийн том дарга нь манай ширээнд ирээд баяр хүргэж надтай зураг авахуулж байна. Дараа нь 5 сарын 8-нд бид Бийск хотод ирж ялалтын баярт оролцохдоо их л хүндэтгэл хүлээж Тамара, Валя нараа асуусан боловч таних хүн таарсангүй. Ингэж өвгөн дайчин би Ховд нутгийнхаа түүний дотор төрөлх Манхан сумынхаа ард түмний бэлгийг дайтаж буй Зөвлөлтийн армид хүргэх цувааг ахлан хэцүү боловч дурдатгалтай мөнхийн үл мартагдах үүрэг гүйцэтгэсэн билээ."

Эх сурвалж: Ховд их сургуулийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн ЭШБ. Түүхийн товчоон. Tomus IV. Fasciculusl-24 УБ., 2009, тал 265-271

Доктор Мөнгөнхүүгийн Ганболдын Фэйсбүүк хуудаснаас өөрийнх нь зөвшөөрлөөр авч нийтлэв.